Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-28 12:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг тусламж, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлж гэмтлийн тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлдэг болохоор ажиллаж байна. 


Энэ талын чиглэл, арга зүйн дэмжлэг авч, ирэх жилүүдэд эмчилгээ, үйлчилгээний олон улсын up to date программыг нэвтрүүлэхээр зорьж буйг тус эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, хурандаа Л.Баттөр мэдээлэв. 

Тэрээр энэ тухай ЭМЯ-наас зохион байгуулж буй лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцсэн цуврал уулзалт дээр танилцуулсан юм. 


Уулзалтад оролцсон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Бид хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нэг зорилготой учраас аль ч яамны харьяа эмнэлэг байсан хамтран ажиллах ёстой. Тиймээс ТТАХНЭ, АШУИС-ийн харьяа эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгтэй нэг бодлогын хүрээнд ажиллана. Цаашид эрүүл мэндийн салбарын нөөц, бололцоог ашиглах тогтолцоо руу орно" гэдгийг онцоллоо.


Тэрээр, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн талаар хэлэхдээ, "Олон ажлыг санаачилж, өөрчлөлт хийж буй, сайн менежменттэй эмнэлэг. Энэ эмнэлэг дээр гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг энэ оны 11 дүгээр сараас үзүүлж эхэлнэ. Мөн хавдрын болон мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлнэ. 

Ер нь нэгдсэн эмнэлгүүд бүгд мэс заслын, хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг болно. Баянгол дүүргийн эмнэлэг энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхээр болоод байна. Мөн манай нарийн мэргэжлийн эмч, багууд үйлчилгээ нэвтрүүлж буй эмнэлгүүдэд мэс заслын багаж, хэрэгсэлтэйгээ очиж ажиллана. Эмнэлгүүдийг мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хамтатган хийнэ" гэдгийг мэдээлэв.


Эдгээр төхөөрөмж нь тухайн эмнэлгүүдэд цаашдаа ашиглагдаад нөөц болоод үлдэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Энэ талаар ХСҮТ болон ГССҮТ-ийн удирдлагуудтай ярилцаад төлөвлөгөөгөө гаргасан” гэлээ.

ЭМЯ-ны хамтарсан уулзалт Цэргийн төв эмнэлэгт үргэлжилж тус эмнэлэг хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм.


Холбоотой мэдээ