Азербайжан Уулын Карабахын чухал өндөрлөгүүдийг эзэлж авснаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-28 15:40:15

БАКУ. /TASS/. Ням гаргаас хойш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа Уулын Карабахын Талыш суурингийн эргэн тойрон дахь чухал өндөрлөгүүдийг эзлэн авснаа Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.  


“Азербайжаны армийн анги нэгтгэлүүд Арменийн Зэвсэгт хүчнээс чөлөөлсөн өндөрлөгүүд, ашигтай байрлалуудаас хөдөлж, амжилтаа бататгах зорилгоор сөрөг довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Талыш суурингийн эргэн тойрон дахь ашигтай хэд хэдэн өндөрлөгийг эзлэн авлаа. "Дайсны тал хүнд хохирол амссан"” гэж мэдэгдэлд дурджээ.


Армийнх нь байрлалууд руу Армени гал нээсэн тухай Азербайжаны эрх баригчид есдүгээр сарын 27-нд мэдэгдсэн юм. Харин Арменийн эрх баригчдын мэдэгдсэнээр бол Азербайжаны Зэвсэгт хүчин түрүүлж довтолж, суурингууд руу нь гал нээжээ. Хоёр тал хоёул хүний амь үрэгдсэн, шархадсан тухай, түүний дотор энгийн иргэд ч байгаа гэж мэдээлж байна. Арменийн эрх баригчид дайны байдал тогтоож, 55 хүртэлх насны эрчүүдийг цэрэгт дайчлахаа мэдэгдсэн юм. Харин Азербайжаны эрх баригчид нутаг дэвсгэр даяараа дайны байдал тогтоожээ.


1988 онд Уулын Карабахын өөртөө засах муж Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа Карабахын мөргөлдөөн эхэлжээ. 1992-1994 онд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Азербайжан Уулын Карабах болон түүнтэй зах нийлсэн долоон нутагт хяналтаа алдсан байна.


Холбоотой мэдээ