Монголын соёл уламжлалыг Тайпэй хотноо сурталчилж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-09-28 15:35:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тайваний Үндэсний хааны ордон музейн Азийн урлагийн фестиваль-2020”-ын хүрээнд “Монгол сар” үйл ажиллагаагаар дамжуулан Монголын үндэсний соёл уламжлалыг танилцуулж байна.


Тус музейн өмнөд салбарт энэ сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-нийг хүртэл соёл урлагийн үзүүлбэр, сэдэвчилсэн лекц, номын үзэсгэлэн зэргээс гадна Монгол орны байгаль орчин, түүх соёл, эдийн засгийн амьдрал, зан заншил, шашин шүтлэг зэрэг олон талын арвин баялаг мэдээлэлтэй танилцах “Монгол сар” үйл ажиллагаа болж байна.  


Үүнд, Тайваньд аж төрж буй монгол иргэд, Монголын соёлын чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, урлаг соёлын хамтлаг оролцохоос гадна Монгол үндэсний дуу бүжгийн тоглолт, мини монгол гэр барих, шагайн харваа, зураг, монгол үндэсний сүүтэй цай бэлтгэх зэрэг олон төрлийн ажил зохиох аж. Үүнээс гадна Буддын шашны Гэлүгийн урсгал, монгол наадам, уул овооны тахилга, ангийн соёл, Монгол оронд байдаг дэлхийн өвд багтсан газар орон зэрэг сэдвээр лекц зохион байгуулах юм.


Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ, “Тайпэй хотноо байрлах Тайванийн Үндэсний хааны ордон музейд Чингис хааны хөрөг болон “Хубилай хааны авд мордсон нь” уран зураг зэрэг Монголын эзэнт гүрний түүхэн үечлэлд хамаарах хосгүй үнэт дурсгалын эх бүтээл хадгалагдаж буй тухай монголчууд хэдийн сайн мэдэх болсон билээ. Тайванийн өмнөд хэсгийн Жиа И хошуунд байдаг Тайванийн Үндэсний хааны ордон музейн өмнөд салбар нээгдээд 4 жилийн нүүрийг үзсэн. Энэ удаад илүү бүтээлч, динамик хэлбэрээр Монголын уламжлалт өвөрмөц соёлыг сурталчлан үүгээрээ дамжуулан тайваньчуудад Монголын соёлыг таниулж, хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.  

 

 

 Тайванийн Үндэсний хааны ордон музейн өмнөд салбарт “Азийн урлагийн фестиваль-2020”-ын хүрээнд нэг сар гаруй           үргэлжлэх “Монгол сар” цуврал ажиллагааг зохион байгуулна. 


     Тайванийн өмнөд хэсэгт байрладаг Тайванийн Үндэсний хааны ордон музейн өмнөд салбар 2015 оны сүүлээр үзэгчдэд  үүд хаалгаа нээжээ. 


Холбоотой мэдээ