Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
ulzii@montsame.mn
2020-09-28 17:59:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 12-р сарын 1-нээс Оюуны өмчийн хуулийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Шинжлэх ухаан технологийн сургуулийн номын санд өнөөдөр мэргэжилтнүүд уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн инстутит, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сангийн төлөөллүүд энэхүү уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо.


Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт бүхий тус хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, энэ оны 2
дугаар сард гурван байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.


Санамж бичгийн хүрээнд, оюуны өмчийн салбарын хөгжлийг хангах, ялангуяа оюуны бүтээлээ үнэлүүлэх, хамгаалагдсан биет бус оюуны баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай боломж бий болгохыг зорьж байгаа юм. Хэлэлцүүлгээр мэдээлэл солилцох, салбарын оролцогчдын мэдлэгийг дээшлүүлэх, оюуны өмчийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн чадавхжуулах, энэ бүхэнд уялдаатай харилцаанд оролцогчдын хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хийх ажлынхаа талаар санал бодлоо солилцжээ. Тус хэлэлцүүлэгт 70 гаруй мэргэжилтэн оролцсон байна.


Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригоос тус газраас хэрэгжүүлж буй ажил үүргийн талаар тодруулсан юм.



Тэрбээр, "ОӨГ нь өнөөдөр үндсэн чиг үүргийнхээ дагуу Патентын хууль, Зохиогчийн эрх түүнд хамаарах хууль, Барааны тэмдэг  газар зүйн тухай заалтын хуулиудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн үүнээс гадна 16 гэрээ, конвенцыг дагаж мөрдөж байгаа. Шинээр батлагдсан оюуны өмчийн тухай хууль нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд олон хэлбэрээр оруулах боломжийг бүрдүүлж байгаа. Өмнө бол оюуны өмчийг барьцаалж зээл олгож байсан тохиолдол байхгүй. 2019 оноос эхлээд практикт үүссэн банкны тохиолдол бол байгаа. Цаашдаа оюуны өмчөө бид эргэлтэд оруулж, түрээс, франчайз, лицензийн зэрэг ямар нэг хэлбэрээр ашиглаж байгаа гэрээнүүдийн төрлийг нэмэгдүүлэх юм. Нөгөө талдаа тухайн аж ахуй нэгж байгууллага нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашинаас гадна, биет бус хөрөнгөө үнэлүүлдэг болно. Ингэж байж тухайн аж ахуйн нэгжийн үнэ цэнэ өснө. Тухайн нэг аж ахуйн нэгж байгууллага өөр нэг байгууллагыг худалдаж авахад тухайн авч буй байгууллагад оюуны өмчийн үнэлэгдсэн хөрөнгө эсвэл патенттай бараа бүтээгдэхүүн байна уу гэдгийг худалдагч, худалдан авагч 2 тал хоорондоо мэдээллээ солилцож олон хэлбэрээр оюуны өмчийг эргэлтэд оруулж байх юм" гэлээ.  

                                                                                                                                                                            Э.Ариунзул

Холбоотой мэдээ