Ч.Ганцэцэг: Танхим мэргэжлийн холбоодыг нэгтгэснээр улам хүчтэй болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-28 16:27:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хувийн хэвшил үүсэн бий болсны 30 жил, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийг шагнаж урамшуулсан. Тэдний нэг үндэсний үйлдвэрлэгч "Ханбогд кашимер" ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулсан юм. Түүнтэй уулзаж сэтгэгдлийг сонслоо. 


-МҮХАҮТ-ын гишүүн, тэргүүлэгч гишүүний хувьд та Танхимын ойрын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхим мэргэжлийн бусад холбоодыг нэгтгэн ажиллах зайлшгүй шаардлага бий болж буй. Ингэснээр хувийн хэвшил хүчтэй болно. Төр, засагт дуу хоолойгоо хүргэхээс эхлээд ААН, компаниудад зөвлөх, бизнесийн үйлчилгээг үзүүлэх, хувийн хэвшлийг дэмжин эрх ашгийг хамгаалахад их тус нэмэр болно. Монголын Улсын эдийн засаг, бизнест дорвитой хувь нэмэр үзүүлнэ. Энэ чиглэлээр ойрын жилүүдэд илүү хүчин чармайж ажиллах байх. 


-Танай компани ноолууран бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргаж, Итали улсын дэлхийд алдартай "Zara" брэндтэй хамтран ажиллаж экспортыг хөгжүүлэхэд үлгэр жишээ болж байгаа. Энэ ажиллагаа хэрхэн явж байна? Хуучин харилцаа холбоо хэвээрээ байгаа юу? 

-Экспортын хуучин харилцаа холбоо, хамтын ажиллагаа хэвээрээ байгаа. Манайх Италийн "Zara" болон Английн "Burberry" брэндүүдтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.  Гагцхүү авах бүтээгдэхүүний буюу манай экспортын хэмжээ энэ онд багассан. Нэг ёсондоо дэлхийн брэндүүд ноолууран бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр авч байна. Энд "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдал нөлөөлж байна. 

Ер нь тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэж буй үйлдвэрүүдээс бүтээгдэхүүн авч байна. Тодруулбал, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг явуулж буй үйл ажиллагааг дэмжих болсон.  Дэлхийн үйлдвэрлэлийн чиг хандлага ийм чиглэл рүү явах болсон. Байгаль орчин, хүмүүст ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл явуулж байж мөн тогтвортой, чанартай бүтээгдэхүүн гарна. 

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ