Сэлэнгэ аймгийн хэмжээнд 72938 сонгогч санал өгнө

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-01 12:12:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Орон нутгийн сонгуулийн хуулийн хүрээнд нийт нэр дэвшигчдэд “Нэр дэвшигчийн үнэмлэх”-ийг гардуулах үйл ажиллагаа өчигдөр Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороон дээр боллоо. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд аймгийн хэмжээнд нийтдээ 88 иргэн нэр дэвшихээр бүртгүүлсэн байна.

Дээрх нэр дэвшигчдийн тухайд МАН-аас 37, АН-аас 37, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэг, бие даагч найм гээд нийт 88 хүн нэр дэвшсэн байна. Энэ жилийн сонгуулийн хувьд хугацаан дээр өөрчлөлт орсон нь онцлог юм. Тухайлбал сонгууль авах өдөр өглөө 07.00 цагт сонгуулийн санал хураалт эхлээд оройн 20.00 цагт дуусах ажээ. Хуучин бол оройн 22.00 цаг хүртэл санал хураалтыг явуулдаг байсан байна. Энэ хугацаанд амжиж сонгуульдаа оролцохыг аймгийн Сонгуулийн хорооноос уриаллаа.

Аймгийн хэмжээнд сонгуулийн үйл ажиллагаанд хэчнээн төрийн алба хаагч оролцон ажиллах хийгээд сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаагаас тодрууллаа.

Тэрээр:”Аймгийн Сонгуулийн хороонд есөн албан хаагч, сумдын Сонгуулийн хороонд 412 албан хаагч, мөн хэсгийн хороодод 700 гаруй, нийтдээ Цагдаа, Онцгой, Тагнуул болон бусад холбогдох байгууллагаас нийт 1700 гаруй төрийн албан хаагч энэ удаагийн сонгуулийг зохион байгуулан оролцоно. Саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар авч хэрэгжүүлсэн "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх бүх ажлыг үндсэндээ хийж байгаа. Тухайлбал нийтийг хамарсан санал авах хэсгийн хороод дээр халдваргүйтгэл хийх, мөн нэг удаагийн хэрэгсэл болон ариутгалын бодис зэрэг холбогдох бүх бэлтгэлийг хангаж байна. Одоо бид 10 сарын 03-ны өдрийн бямба гарагт санал тоолох төхөөрөмж, саналын хуудсаа хүлээж авах ажлыг зохион байгуулна. Энэ ажил улсын хэмжээнд эхэлнэ” хэмээн мэдээлэл өглөө. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 72938 сонгогч саналаа өгөх юм байна.

Холбоотой мэдээ