ОХУ, Францын Ерөнхийлөгч нар Уулын Карабахын байдлыг хэлэлцжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-01 10:37:29

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын төрийн тэргүүн Эмманюэль Макрон нар Уулын Карабах дахь хурцадмал байдлыг утсаар хэлэлцжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид Францын талын санаачилгаар утсаар ярьсан байна.


“Уулын Карабахын мөргөлдөөний бүс дэх хурцадмал байдлыг нухацтай ярилцлаа. Хоёр орны удирдагчид өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаатай холбогдуулан ихээхэн түгшиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ сөргөлдөгч талуудад хандан галаа нэн даруй, бүрэн зогсоож, хурцадмал байдлыг намжааж, дээд зэргээр хүлээцтэй хандахыг уриаллаа” гэж мэдээлэлд дурдсан байна. Түүнчлэн Карабахын хямралыг улс төр-дипломат арга замаар зохицуулахаас өөр сонголт байхгүй гэдгийг хоёр орны Ерөнхийлөгч нар онцлон тэмдэглэжээ.


Беларусийн улс төрийн хямралын тухайд

Үүний зэрэгцээ В.Путин ОХУ бүрэн эрхт улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролдох, хууль ёсны эрх баригчдад нь гаднаас шахалт үзүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурьтай байгааг мэдэгдсэн байна.


“Талууд мөн Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсад үүссэн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Оросын тал бүрэн эрхт улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлого, хууль ёсны эрх баригчдад нь гаднаас шахалт үзүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байх зарчмын байр сууриа дахин нотолсон” гэж Кремлийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.


Хөрш зарим улсууд Беларусьт эмх замбараагүй байдал үүсгэж, манай улсын хөгжлийг хойш татахыг оролдож байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Владимир Макей есдүгээр сарын сүүлчээр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, Беларусь улс “төрийн тогтолцоог сүйтгэхэд чиглэсэн гадны хөндлөнгийн оролцоог" даван туулж байгаа аж. Үүнээс өмнө тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдэл хийхдээ, беларусьчууд өөр хоорондоо тохиролцож, улс орныхоо нөхцөл байдлыг гадны хөндлөнгийн оролцоогүйгээр шийдвэрлэнэ гэдгийг цохон тэмдэглэжээ.  


Холбоотой мэдээ