АНУ-ын 11 муж улсын захирагч нар эрх мэдлээ тайван замаар шилжүүлэн өгөхөө амлав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-01 11:37:54

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын 11 муж улсын захирагч нар 11 дүгээр сарын 3-нд болох бүх нийтийн сонгуулийн саналыг зөв тоолж, шинэ Ерөнхийлөгч сонгогдвол эрх мэдлээ тайван замаар шилжүүлэн өгөхөө амлажээ. Захирагч нарын хамтарсан мэдэгдлийг Вашингтон муж улсын захирагч Жей Инслигийн “Twitter” хуудсанд нийтэлсэн байна.


“Саналын хуудсыг будлиантуулах, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхэд саад учруулах гэсэн аливаа оролдлого нь Америкийн ардчилалд халдаж байгаа хэрэг юм. Сонгогчдод айдас төрүүлэх гэсэн явдлыг зөвтгөх ямар ч шалтаг байх ёсгүй” гэж хамтарсан мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Тэд “саналын бүх хуудсыг муж улсуудын хуулийн дагуу тоолж, сонгогчийн коллегийн гишүүдийг санал хураалтын дүнг харгалзан томилохоо” амласан байна. "Санал хураалтын дүнг хууль бус болгох эсвэл сонгогчдын хүсэл зоригийн эсрэг сонгогчийн коллегийн гишүүдийг томилох замаар ардчиллын үйл явцыг санаатайгаар сүйтгэхийг бид хэнд ч зөвшөөрөхгүй" гэж мэдэгдэлд дурджээ.


Холбоотой мэдээ