НҮБ-ын ЕА-н өндөр түвшний долоо хоногт Э.Макрон хамгийн урт үг хэлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-01 11:52:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хүрээнд болсон улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт Францын Ерөнхийлөгч Эмманэюль Макрон хамгийн урт үг хэлжээ. Францын ерөнхийлөгчийн үг хэлэх мөч 48 минут үргэлжилсэн байна. 


Тэрбээр коронавирусний цар тахалтай холбоотой сэдвийг хөндөөд зогсохгүй А.Навальныйтай холбоотой асуудал зэрэг олон улсын бодлогын бараг бүх сэдвийг хөнджээ.  Иран, БНАСАУ, Сири, Ливи, Ливан, Беларусийн нөхцөл байдлаар Франц улс ямар байр суурьтай байгааг Э.Макрон дурдаад зогсохгүй Европын аюулгүй байдлын шинэ ухагдахуунд анхаарал хандуулжээ.


Унгарын Ерөнхийлөгч Янош Адер, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар хамгийн богино буюу 6 минутын хугацаанд үг хэлжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8 хүрэхгүй минутын хугацаанд үг хэлсэн нь маш богино хугацаа байв.  


Коронавирусний цар тахлын улмаас төр, засгийн тэргүүнүүд чуулганд оролцохоор биечлэн ирж чадаагүй бөгөөд тэдний мэдэгдлийг видео хэлбэрээр танилцуулсан юм. Уламжлал ёсоор оролцогчдыг 15 минутын хугацаанд үг хэлэхийг зөвлөдөг хэдий ч олон илтгэгч энэ дүрмийг зөрчдөг байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс хамгийн урт хугацаанд үг хэлж байсан хүн бол Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро юм. Тэрбээр 4 цаг 29 минут үг хэлж байжээ. 

Холбоотой мэдээ