Хятадын иргэд баярын амралтаараа дотоодын 600 сая аялал хийх төлөвтэй байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-10-01 13:14:45

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын иргэд энэ сарын 1-8-нд үргэлжлэх Үндэсний өдөр болон Намрын дунд сарын баяраараа дотоодын 600 сая аялал хийх төлөвтэй байна гэж тус улсын томоохон цахим аяллын агентлаг "Trip.com" групп мэдээллээ.


Баярын амралтыг тохиолдуулан аялагчдын үзэх дуртай 1500 гаруй газар тасалбарынхаа үнийг хямдруулах юм уу үнэгүй болгож байгаа бөгөөд аялал жуулчлалыг сэргээхийн тулд мужийн түвшний засаг захиргааны 20 гаруй бүс нутгийн эрх баригчид купон гаргажээ.


Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлснээр, цар тахлыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн аялал жуулчлалын салбар сэргэж буй нааштай хандлага үзүүлж байгаа ажээ.


Энэ оны гуравдугаар улиралд “А” зэрэглэлийн дурсгалт газруудыг үзэж сонирхсон аялагчдын тоо өмнөх оны мөн үеийн 70 орчим хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Мөн зарим дурсгалт газрын үзэгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй ойролцоо байжээ.


2019 онд Үндэсний өдрийн долоон хоногийн баярын амралтаар Хятадын иргэд 782 сая аялал хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.81 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 

Холбоотой мэдээ