Хар нүхийг судалсан эрдэмтэд физикийн салбарт Нобелийн шагнал хүртлээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-10-07 10:07:59

СТОКХОЛЬМ. /TASS/. Английн физикч Рожер Пенроуз, Германы одон орны физикч Райнхард Генцель, Америкийн одон орон судлаач Андреа Гез нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналтнуудаар тодорлоо.


Пенроуз хар нүх оршин байх нь харьцангуй ерөнхий онолын найдвартай таамаглал болж өгдгийг харуулсан нээлтээрээ, харин Генцель, Гез нар Сүүн замын төвд буй хэт хүнд масстай хар нүхийг нээснийхээ төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ гэж Нобелийн хорооны төлөөлөгч мэдэгджээ.


Ямар судалгаанд шагнал олгосон бэ?

Харьцангуй ерөнхий онол нь хар нүхнүүд буюу таталцлын асар их хүч бүхий сансрын объектууд үнэхээр байдаг гэдгийг харуулдаг аж. Гэвч энэ онолыг нээсэн Альберт Эйнштейн хүртэл үүнд итгэдэггүй байжээ. Харин Рожер Пенроуз хар нүх үнэхээр байдаг гэдгийг 1965 онд нотолж, бүтцийг нь нарийн тайлбарласан байна.


Тэгвэл Андреа Гез, Райнхард Генцель нарын шинжлэх ухааны ололт амжилт нь манай галактикийн төвд орших хэт хүнд масстай объекттой холбоотой юм. Одон орон судлаачдын “Стрелец А*” хэмээн нэрлэдэг энэхүү объект нь Нарнаас 4 сая гаруй дахин хүнд хар нүх бөгөөд халуун хийн үүлээр хүрээлэгдсэн байдаг аж.


“Стрелец А*” хар нүхийг огторгуйн дурангаар харах боломжгүй бөгөөд ийм хар нүх оршин байдгийг эрдэмтэд маш “тод” цацраг туяагаар олж мэдэж, дараа нь бусад спектр дэх цацрагийг бүртгэх замаар оршин байдгийг нь нотолжээ. Гез, Генцель нараар ахлуулсан эрдэмтдийн багууд хийн үүлэн дундуур энэ объектыг хэрхэн харахыг бодож олсон байна.


Холбоотой мэдээ