Залуу гэр бүлүүдийн хуримын ёслолыг зохион байгуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-20 08:25:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Намрын адаг сарын шинийн 3-ны балжинням, дашням давхацсан билэгт сайн өдрийг тохиолдуулан "Аз жаргалтай гэр бүл" залуу гэр бүлүүдийн хуримын ёслолыг Мөрөн хотын хүндэтгэлийн өргөөнд хийлээ.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр “Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Аз жаргалтай сайхан гэр бүлтэй байхын тулд чамгүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Гэр бүл гэдэг нэг гэрт хамтран амьдрагсад биш. Бие биенээ ойлгож, хэрэгтэй үед дэмжлэг үзүүлдэг, үргэлжийн харилцан холбоонд оршдог онцгой нэгэн “нөхөрлөл” юм. Хосууд үргэлж бие биенээ хүндэлж, хайрлаж, үнэнч байх нь чухал” гэдгийг онцолж байлаа. 

Тус ёслолыг "Зүтгэл, итгэл, санаачилга"-ыг дэмжих нэрлэсэн жил, Залуучуудын хөгжлийн сарын ажлын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мөрөн сумын ЗДТГ-аас санаачлан Орхон аймгийн Хуримын ордонтой хамтран хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Хөвсгөл аймгийн хэмжээнд 38400  орчим өрх гэр бүл байдаг бөгөөд жилд 700 орчим иргэн гэрлэлтээ бүртгүүлдэг ажээ.




Холбоотой мэдээ