Бенну солироос хөрсний дээж авна

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-10-20 14:35:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. Сансрын “OSIRIS-Rex” зонд Бенну солироос хөрсний дээж авах анхны оролдлогоо мягмар гарагт хийнэ, гэхдээ туршилт хэр амжилттай болох нь хэдэн хоногийн дараа л мэдэгдэнэ гэж “OSIRIS-Rex” хөтөлбөрийн удирдагч, агаар-сансрын “Lockheed Martin” корпорацын төлөөлөгч Бет Бак мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, зондод илгээх сүүлчийн багц командыг шалгаж байгаа бөгөөд удахгүй илгээх аж. “АНУ-ын Зүүн эргийн цагаар мягмар гаргийн 11 цаг орчимд сансрын уг аппарат солирын тойрог замаас гарах маневр хийж эхэлж, хөрснөөс дээж авах багаж бүхий өрмийн штангийг буулгана” гэж хөтөлбөрийн удирдагч хэлсэн байна. Энэ үе шатанд маневр хийхэд саад учруулахгүйн тулд зондын нарны зайг эвхэж буулгана гэж тэрбээр тайлбарлав.


АНУ-ын Зүүн эргийн цагаар 18 цаг 12 минутад өрмийн штанг “Найтингейл” тогооны бүс дэх цэгт солирын гадаргууд ердөө 16 секундийн турш хүрэх бөгөөд яг энэ мөчид өрмийн штангт байрлуулсан азот агуулсан гурван капсулын нэг нь хий цацаж, энэ хийн нөлөөн дор 2 см орчим диаметртэй хөрсний хэсгүүд гадаргуугаас салж, дээж авах төхөөрөмж татан авах аж. Үүний дараа “OSIRIS-Rex” зонд солироос холдох маневр хийж эхэлнэ.


Маневр хийж дууссан тухай мэдээлэл хяналтын төв дээр мягмар гарагийн орой ирнэ гэж Бет Бак тайлбарлав. Гэхдээ хэчнээн хэмжээний дээж цуглуулсан талаарх мэдээлэл бямба гарагт ирэх аж. Мэргэжилтнүүд дор хаяж 60 грамм дээж цуглуулж чадна гэж найдаж байна. Хөрсний дээж авах эхний оролдлого амжилтгүй болсон тохиолдолд хоёр дахь оролдлогыг дараа нь “Оспрей” цэг дээр хийнэ. Цуглуулсан хөрсний дээжтэй капсулыг 2023 онд дэлхийд хүргэх юм.


Бенну бол 600 орчим диаметрийн голчтой дэлхий орчмын жижиг солир юм. Уг солирыг 2013 онд нээжээ. Сансрын энэ биетийг судлах зорилгоор NASA агентлаг “OSIRIS-REx” зондыг 2016 оны есдүгээр сард илгээсэн байна. Уг зонд 2018 оны 12 дугаар сарын 31-нд солирын тойрог замд оржээ.


Холбоотой мэдээ