“Бүх ард түмний санал хураалт-1945: баримт, судалгаа” эрдэм шинжилгээний хурал болов

Монголын мэдээ | Боловсрол
sodonizm@gmail.com
2020-10-21 16:39:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэн хамтран “Бүх ард түмний санал хураалт-1945: баримт, судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг Гадаад харилцааны яамны “Номин”, “Зөвшилцөл”  танхимд өнөөдөр зохион байгуулав.

Тус үзэсгэлэнд байршуулсан онцлох баримтуудаас дурдвал, “БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76 дугаар тогтоол”,  “БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах ажлыг дэмжсэн ард түмний талархал, мэндчилгээ, илэрхийллүүд”, “Хятадын Коммунист намын төв байгууллагын “Цзе Фан жибао” сонины 1945 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн “БНМАУ-ын тусгаар тогтнолд баяр хүргэсэн нь” хэмээх нэртэй өгүүллийн орчуулгын эх ноорог” зэргийг дэлгэсэн байлаа.


Мөн “Тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтыг урьдчилан явуулах боломжгүй бөгөөд саналын дүн болон санал хүргэх төлөөлөгчийг 1945 оны 11 дүгээр сарын эхээр Дундад иргэн улсын Чүнчинь хотноо явуулахаа илэрхийлсэн БНМАУ-ын Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, Улсын шалгарсан баатар, маршал Х.Чойбалсангаас СССР-ээс БНМАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Н.Ивановт явуулсан албан бичиг” болон тухайн үеийн сонин, хэвлэлийн мэдээ зэрэг онц сонирхолтой архивын баримтыг эх хувиар нь болон хуулбар хувиар дэлгэн тавьснаас гадна Үндэсний төв архивын сан хөмрөг дэх “Тусгаар тогтносон Монгол Улс” баримтат киног үзүүлэв.


Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизтэй  хамтран энэхүү түүхэн үйл явдлыг харуулсан “Хөх Монголын туг” телевизийн нэвтрүүлгийг энэ өдрүүдэд олон нийтэд хүргэлээ.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор, профессор Н.Хишигт  “Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулахад 1945 оны Бүх ард түмний санал хураалтын гүйцэтгэсэн үүрэг”, Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал “1945 оны Бүх ард түмний санал хураалтын түүхийн үндсэн эх сурвалж, баримт, хэрэглэгдэхүүний тойм”, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, судлаач, профессор Д.Баярхүү, “Монгол Улсын дипломат алба: Дайны дараах торгон агшин” сэдвээр илтгэл танилцуулав.


Мөн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Шинжлэх Ухааны доктор Ц.Батбаяр “Их гүрнүүдийн бодлого ба Монголын тусгаар тогтнол: баримтыг шинээр унших нь”, харин доктор, профессор Д.Уламбаяр “АНУ-ын дэд Ерөнхийлөгч Г.Уоллесийн өдрийн тэмдэглэлээс” зэрэг сонирхолтой сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

Хуралд олон улсын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд Япон улсын Тохоку Гакуйн Их сургуулийн доктор Ёоко Табучи “1945 оны БНМАУ-ын бүх ард түмний санал хураалтын түүхийн баримтууд”, БНХАУ, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн доктор Нарсу “Лэй Фа жан 1945 онд Монголын бүх ард түмний санал хураалтыг ажигласан ба түүний дараах адил бус үзэл хандлага” сэдвээр онлайн илтгэл танилцуулсан байна.


XX зууны Монгол Улсын тусгаар тогтнолын түүхийн судалгаанд 1945 онд Бүх ард түмний санал хураалт онцгой байр эзэлдэг. Монгол Улсынхаа тусгаар тогтносон байдлыг ард нийтээрээ баталсан энэхүү түүхэн үйл явдлыг түүх, улс төр, эрх зүй, олон улсын харилцааны судалгаанд ямагт онцлон үзэж, үнэлж дүгнэсээр ирсэн билээ.

Монголын тусгаар тогтнолын төлөө явагдсан Бүх ард түмний санал хураалт бол монголчууд  тусгаар тогтнолынхоо төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэж, үндэсний  эв нэгдлээ илэрхийлж, аливаа нэгэн албадлага, шахалтгүйгээр саналаа өгч улсынхаа тусгаар тогтносон байдлыг ард нийтээрээ баталсан түүхэн үйл явдал болсныг судлаачид онцлов.

Сүүлийн жилүүдэд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын баримтуудыг гадаад, дотоодын түүхч, эрдэмтэн судлаачид нягтлан судалж, зохиол бүтээлдээ тусгасаар байгаагийн зэрэгцээгээр ард иргэд өөрсдийн эцэг, эх болон өвөө, эмээгийнхээ гарын үсэг, хурууны хээ бүхий баримтыг архиваас хуулбарлан авч гэртээ залах, ургийн номдоо оруулах сонирхол түгээмэл болсон. Энэ ч утгаараа Үндэсний төв архивын сан хөмрөгт буй БНМАУ-ын тусгаар тогтнолын санал хураалтад холбогдох архивын баримтын үзэсгэлэнг Гадаад харилцааны яамны “Номин” танхимд дэлгэн үзүүлжээ.

Холбоотой мэдээ