Малдаа яваад төөрсөн 36 иргэнийг эсэн мэнд олжээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-21 15:53:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч салхины хурд 16-24 м/с, зарим үед түр зуур 28 м/с хүртэл ширүүсэж цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрчээ.

Тодруулбал, энэ сарын 19-нд Архангай, Булган, Өвөрхангай Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм Завхан, Увс аймгийн нутгаар 0.0-10.0 мм цас орж, цасан шуурга шуурч Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн нутгаар салхины хурд 16-24 м/с хүртэл ширүүссэн байна.

Харин 20-нд Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурч, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар салхины хурд 9-14 м/с, говийн аймгуудын зарим нутгаар түр зуур 28 м/с хүртэл хүчтэй салхи салхилж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт 3, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт 5, Өмнөговь аймагт 3, нийт 36 иргэн малдаа яваад төөрч сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Мөн 20-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гурван иргэн самар түүж яваад нэг нь төөрч сураггүй болсон тухай дуудлагаар Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагаа явуулжээ. Гэвч тухайн иргэн Батсүмбэр суманд айлд эсэн мэнд очсон тухайгаа утсаар мэдэгдэж, эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдан тээврийн хэрэгслээр зорчиход аюултай нөхцөл байдал бий болсон тул Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд чиглэлийн нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр хойшлуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ