Олон улсын чанарын гэрчилгээг гурван компанид гардууллаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-21 17:44:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ "ISO 9001-2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоо” стандартын гэрчилгээг “Мон-Ирээдүй” ХХК, “Best shoes”ХХК, “Дархан Нэхий” ХК-д өнөөдөр гардууллаа.

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэлийн чанарын шаардлага хангасан түүхий эд бэлтгэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлж нутагшуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааг сайжруулахад эдгээр компани амжилт гаргажээ.

Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт” төслийн нэг хэсэг болох хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог арьс шир боловсруулах үйлдвэрт нэвтрүүлж, олон улсын түвшинд хүргэхийн тулд 6 сарын турш сургалт, зөвлөгөө, мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэн, ажиллагсдыг хамруулав.

Засгийн газраас мал аж ахуйн түүхий эд боловсруулах арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, байгальд халгүй, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдал дахин боловсруулах, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого дэвшүүлээд байгаа билээ. 

Холбоотой мэдээ