Байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийг чадваржуулах сургалт хийв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-21 18:10:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас байгууллагуудын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг сурталчлах зорилгоор энэ сарын 20-ны өдөр сургалт явууллаа.

Тус сургалтад төрийн болон төрийн бус 40 орчим байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл болох 76 хүн оролцов.

Сургалтыг Хүүхдийн эрх, хамгаалал төвийн захирал, үндэсний сургагч багш, докторант Д.Ундраа удирдан явуулж, гэр бүл, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин, хүчирхийллийг бууруулахад эцэг, эхийн зөвлөл, хамтарсан багтай хамтран ажиллах нь, эцэг, эхийн зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн байгууллагуудын дэргэдэх Зөвлөлүүдийг удирдлага арга зүйгээр хангах сэдвийн хүрээнд зөвлөлийн гишүүдтэй санал солилцлоо.

Ташрамд дурдахад, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор байгууллага, аж ахуй нэгжүүд дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллуулах замаар хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэхийг зөвлөмж болгосон юм.

Холбоотой мэдээ