С.Чулуун: Соёлын өвийг хилийн чанадад гаргасан хэргийг хууль хүчний байгууллага шалгаж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-21 18:25:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Байнгын хорооны гишүүдэд хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулахдаа, "Дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явцын эрчимтэй нөлөө, үндэстэн дамнасан соёл хоорондын харилцааны идэвхтэй хөгжил, дэлхий дахины болон улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд гарч байгаа хурдацтай өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс хамаарч соёл, урлагийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна. Тодруулбал, уламжлалт зан заншил, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан үлдэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын тогтолцоогоор дамжуулан эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, монголчуудын үнэт зүйлсийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан иргэнийг төлөвшүүлэхэд хуулийн зорилго чиглэж байна" хэмээв.


Шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 25 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Соёлын тухай хуулийн 70 шахам хувийг өөрчилж, баримтлах зарчим, соёл судлал, соёлын боловсрол, үйлдвэрлэл, ажилтны үнэлэмж, мерчандайзын гэрээ, агентын зохицуулалт шинээр тусгажээ. Хуулийн төслийг баталснаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, үндэсний соёлыг хадгалах, хамгаалах, судлах, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.  


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төсөлд монгол соёлын олон өвүүд хувь хүн, бизнесийн шугам, өв залгамжлалын байдлаар хилийн чанадад гарсныг буцаан авах, соёл урлагаар дамжуулан нийгэмд хүчирхийллийг сурталчлахыг хориглох нарийвчилсан зохицуулалт тусгасан эсэхийг тодруулж байлаа.


Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт Соёлын өвийг хамгаалах тухай хуульд багагүй өөрчлөлт орно гэдгийг төсөл санаачлагчид онцолж байв. Соёлын сайд С.Чулуун, "2014 оны 7 дугаар сараас  хэрэгжиж эхэлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын өвийг хамгаалах, хадгалах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг. Ер нь гадаадад янз бүрийн шугамаар гарсан өв, бүтээлийг буцааж авахтай тэмцэх нь адармаатай ажил. 2013 оноос байгалийн өв болсон үлэг гүрвэлийн олдворуудыг оруулж ирсэн. Иргэдийн гар дээр байгаа соёлын өв эсвэл хууль бусаар хилийн чанадад гаргасан хэргийг хууль хүчний байгууллагатай хамтран шалгаж байна. Мөн хуулийн төслийн 23.4-т "Монгол Улсын тусгаар тогтнол,  үндэсний аюулгүй байдал, соёлд хор хохирол учруулах, дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг  соёл урлагаар сурталчлахыг хориглоно" гэсэн заалт оруулсан" гэдгийг онцолсон.  


Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ