Ш.Раднаасэд: Малын тоо толгойн татварыг зарцуулах хэм хэмжээг тодорхой болгох хэрэгтэй

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-22 15:14:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлт тусгаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдаанд танилцуулсан. Тухайлбал,

  • COVID-19 цар тахлын үед ажилтны цалин хөлснөөс авах нийгмийн даатгалын шимтгэл 22 хувиар тооцож төлдөг байсныг зургаан сарын хугацаатай тэглэх болон гурван сарын турш 12 нэгжээр бууруулж хөнгөлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.  Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн ажилд үргэлжлүүлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан 2021 онд буцаан 22 хувь болж нэмэгдэх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл 3-5 нэгжээр бууруулж, 17 хувь болгон хөнгөлөхөөр төлөвлөж хуулийн төслийг боловсруулжээ.
  • Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хүрэлцээ, мал сүргийн бүтэц зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх зорилгоор сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоож ОНХС-даа хуримтлуулан зарцуулах эрхийг ирэх оноос олгохоор төлөвлөсөн байна.
  • Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн асуудлыг энэ оноос Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалуулж Биеийн тамир, спортын улсын хороо байгуулсан. Түүнчлэн малын тоо толгойн албан татварыг сум, дүүргийн татварын орлогын бүрэлдэхүүнд хамрах болсонтой холбоотой төсөв бүрдүүлэх, төсвийн зарлагын чиг үүрэгтэй холбоотой зарим зохицуулалтыг тусгажээ.
  • Концессын үр дүнд бий болох хөрөнгийг гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинэчлэн сайжруулах нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нэг хэлбэр юм.  Тиймээс үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж үр ашгийг сайжруулах зорилгоор концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулахаар төлөвлөж, төсвийг шилжүүлэхтэй холбоотой холбогдох асуудлыг нарийвчлан зохицуулжээ. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Туваан, Ц.Даваасүрэн, Д.Тогтохсүрэн, Т.Доржханд, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ч.Ундрам, Н.Алтанхуяг, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүн ажлын багаас асуулт асууж хариулт аван байр сууриа илэрхийлсэн. Гишүүд, малын тоо толгойн албан татвар авах асуудлыг дэмжихээ илэрхийлэв. Малчид ч уг асуудлыг дэмжиж буйг хэлж байгаа аж. Харин сум, дүүргийн ИТХ цугларсан татварыг захиран зарцуулах хэм хэмжээг нарийвчлан зохицуулж өгөх шаардлагатайг хэлж байлаа. Тухайлбал, худаг гаргах, бэлчээр тэлэх, хадлан тэжээл бэлтгэх зэрэгт зарцуулахыг тусгаж өгөх хэрэгтэйг онцолсон. Ингэхгүй бол цугларсан татвар шаардлагатай, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулагдахгүй байх эрсдэлийг тооцож эргэн харах хэрэгтэй гэж байлаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, дээрх асуудлыг хуулийн төсөлд шинэ зүйл нэмж оруулах санал гаргав. Тэрбээр мөн малын тоо толгой өсөж байгаа ч жилээс жилд цөөрсөөр буй тэмээг өсгөх чиглэлд бодлого гаргаж ажлын баг хэлэлцэх хэрэгтэй гэдгийг онцолсон. Ингэхдээ Бэлчээрийн тухай хуультай уялдуулж боловсруулах нь илүү үр дүнтэй гэсэн байр суурь илэрхийлэв. 


УИХ-ын гишүүн Т.Доржханд, цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг унаж байгаа ч 2021 онд сэргэх төлөвтэй байгаа бол Монгол Улсын эдийн засаг эхний хагас жилийн байдлаар 10 хувь унасан, 2021 онд нөхөж хэвийн байдал руу оруулахаар төлөвлөж буй Сангийн сайдын мэдээллийг тэмдэглэв. Ийм тохиолдолд 2021 оны эхний хагас жилд цар тахлын үеийн халамжийн бодлогоо үргэлжлүүлж байгаа шалтгааныг тодруулав. Мөн сонгуулийн жилд төсвийн төсөл боловсруулахдаа, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгийн хөрөнгө оруулалтыг бусад аймгаас хэт ихээр төлөвлөж байгаа үндэслэл тооцоог лавлалаа. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүний асуултад хариулахдаа, эдийн засгийн хямралын үед татварын хувь хэмжээг нэмэхгүй гэдэг байр суурь илэрхийлж байгаа хэмээв. Энэ хүрээнд гааль, татварын тогтолцоог бүрэн агуулгаар нь шинэчилж байгааг бөгөөд, ингэснээр татвар авах аргыг оновчтой болгох, татварын байцаагч аж ахуйн нэгжтэй зайнаас харьцдаг болно гэдгийг тодотгов. Энэ шинэчлэлийн хүрээнд татвараа бүрэн хэмжээнд авдаг болж, улмаар татварын хувь хэмжээг тогтоох асуудал руу оръё гэсэн зарчим баримталж байгаа гэв. Малын хөлийн татварын хувьд, мөрийн хөтөлбөрт туссан, орон нутагт боломж олгож буй зүйл гэдгийг тодотгов. 

Тэрбээр, "Цар тахал эхэлж байх үед Засгийн газраас эдийн засгийг V хэлбэрээр явах тооцоо гаргасан. Үүнд бид алдаагүй. 2020 оны гуравдугаар сард хийсэн энэ тооцоогоор одоо явж байна. Үүний хүрээнд тахлын үеийн арга хэмжээг 2021 оны эхний хагас жилд хэрэгжүүлнэ. УОК-ын өгсөн мэдээгээр цар тахлын байдал ирэх жилийн хагасаас дээрдэх шинжтэй гэсэн. Тиймээс бид тооцоогоо долоодугаар сарын 1 гэж гаргасан. Цар тахлын үед авсан арга хэмжээгээ зогсоосон улс орнуудыг ажиглахад, эдийн засгийн уналт нь хүнд тусаж байна. Харин арга хэмжээгээ үргэлжлүүлж тогтвортой явуулах нь зөв гэдгийг олон улсад хэрэгжүүлсэн улс орнуудын арга хэмжээтэй харьцуулж байгаа" хэмээв.


Хөрөнгө оруулалтын хувьд аймаг, орон нутгуудын төсөв ижилхэн байгаа ч Баянхонгор аймагт энэ жил бусад аймагтай холбогдох авто зам ашиглалтад оруулсан. Тус авто замыг концессын гэрээгээр хийсэн бөгөөд гэрээнийхээ дагуу 2021 онд 130 тэрбум төгрөгийн төлбөрөө төлөхөөр хөрөнгө оруулалтыг Баянхонгор аймагт нэмж оруулсан хэмээн тодотголоо. 


Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулганы хуралдаан үдээс хойш төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлснээр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ