НДШ-ийг 2021 оны эхний хагаст 17 хувь болгоно

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-22 15:35:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, дээрх төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.


Чуулганы үдээс өмнөх хуралдаан дээрх хуулийн төслүүдээр гишүүд асуулт асууж, хариулт авснаар өндөрлөсөн. Үдээс хойших хуралдаанаар гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлснээр санал хураав. Хуралдаанд оролцсон 47 гишүүний 27 нь буюу 57.4 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Ийнхүү хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийн талаарх үдээс өмнөх хуралдааны мэдээллийг энд дарж үзнэ үү. 


COVID-19 цар тахлын үед ажилтны цалин хөлснөөс авах нийгмийн даатгалын шимтгэл 22 хувиар тооцож төлдөг байсныг зургаан сарын хугацаатай тэглэх болон гурван сарын турш 12 нэгжээр бууруулж хөнгөлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.  Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн ажилд үргэлжлүүлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан 2021 онд буцаан 22 хувь болж нэмэгдэх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл 3-5 нэгжээр бууруулж, 17 хувь болгон хөнгөлөхөөр төлөвлөж хуулийн төслийг боловсруулжээ.


Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хүрэлцээ, мал сүргийн бүтэц зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх зорилгоор сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоож ОНХС-даа хуримтлуулан зарцуулах эрхийг ирэх оноос олгохоор төлөвлөсөн байна.


Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн асуудлыг энэ оноос Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалуулж Биеийн тамир, спортын улсын хороо байгуулсан. Түүнчлэн малын тоо толгойн албан татварыг сум, дүүргийн татварын орлогын бүрэлдэхүүнд хамрах болсонтой холбоотой төсөв бүрдүүлэх, төсвийн зарлагын чиг үүрэгтэй холбоотой зарим зохицуулалтыг тусгажээ.


Концессын үр дүнд бий болох хөрөнгийг гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинэчлэн сайжруулах нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нэг хэлбэр юм.  Тиймээс үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж үр ашгийг сайжруулах зорилгоор концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулахаар төлөвлөж, төсвийг шилжүүлэхтэй холбоотой холбогдох асуудлыг нарийвчлан зохицуулжээ. 

Холбоотой мэдээ