БНХАУ-д бэлэглэсэн 30 мянган толгой хонийг хүлээлгэн өглөө

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-22 15:42:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ард түмнээс БНХАУ-д бэлэглэж буй 30 мянган толгой хонийг өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хятадын талд хүлээлгэн өглөө.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан. Айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс цар тахлын хүнд хэцүү үеийг туулж буй БНХАУ-ын талд сайн санааны тусламж болгон 30 мянган толгой хонийг бэлэглэж буйг мэдэгдэж, гэрчилгээг гардуулсан билээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал 30 мянган хонь хүлээлгэн өгөх үеэр, "Хятадын ард түмэн "COVID-19" цар тахалтай ид тэмцэж байсан үед Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршдөө айлчлан, Монголын ард түмэн Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлсэн. Энэ нь манай ард түмэн хувь хүн, айл өрх, улс орнууд бие биендээ харилцан тусалж, сэтгэл санааг дэмжиж, тулгарсан бэрхшээлийг хамтран туулж, хамтын хүчээр хөгжил дэвшилд хүрэх үзэл санааг баримталж ирсэнтэй холбоотой” гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг монголчууд дэмжиж, хөрш орны ард түмэнд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг олгох аян улс орон даяар өрнөж, малчин түмэн маань идэвхтэй оролцсон гэдгийг дурдлаа.


Тус үйл ажиллагаанд зориулж Хятадын талаас шуудангийн дугтуй гаргажээ. 


Ёслолд Монголын талаас ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ш.Адьшаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал оролцлоо. БНХАУ-ын талаас тус улсын Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбинь, ӨМӨЗО-ны Ардын засгийн тэргүүлэгч Бү Шяолинь, мөн  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй нар оролцов.

Холбоотой мэдээ