Коронавирус тархсантай холбоотойгоор АНУ БНХАУ-ын эсрэг арга хэмжээ авна гэв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-22 15:51:28

ВАШИНГТОН. /АР/. АНУ шинэ коронавирус дэлхий даяар тархсанд Хятад улсыг буруутай гэж үзэн тус улсад арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд дэмжигчидтэйгээ уулзахдаа мэдэгджээ. Өргөн нэвтрүүлгийн “Sinclair” компанийн санаачилгаар зохион байгуулсан уг арга хэмжээний бичлэгийг лхагва гаргийн орой эфирээр цацсан байна. Уулзалт мягмар гарагт болжээ.


“Хятадын талаар та юу хийх вэ?” гэж хэлэлцүүлгийн хөтлөгч АНУ-ын засаг захиргааны тэргүүнээс асуусан байна. “Бид маш олон зүйлийг хийнэ. Тэд бидэнд “бузар булай” зүйл хийсэн” гэж Трамп хариулжээ. Гэхдээ тэрбээр Вашингтон чухам ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг хэлээгүй байна. “Бид Хятадын эсрэг маш олон зүйлийг хийнэ” гэж АНУ-ын удирдагч давтан хэлжээ.


Трамп мөн Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Жозеф Байденыг Бээжинд таалагдахын тулд үндэсний эрх ашгаа золиосолж байна гэж буруутгав.


Цар тахлын нөхцөлд Бээжин, Вашингтоны сөргөлдөөн улам ширүүссэн юм. Трамп өмнө нь цар тахал дэгдсэний хариуцлагыг Хятад улс хүлээх ёстой гэж үзэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн билээ. АНУ-ын эрх баригчид Бээжинг шинэ коронавирусний гарал үүсэл, халдварын тархалтын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байна гэж буруутгаж байгаа юм. Харин Хятадын эрх баригчид энэ мэдэгдлийг няцаасан бөгөөд Бээжин коронавирусний талаар "ямар ч мэдээлэл нуугаагүй" гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лэ Юйчэн өмнө нь мэдэгдсэн. Тэрбээр "вирусний нөхцөл байдлыг зарим улс төрчид Хятадыг гутаах зорилгоор ашиглаж байгаад" харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ