Аялал жуулчлалын гол чиглэлийн замуудад түр буудаллах цэг байгуулах судалгаа боловсруулжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-22 17:59:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, БХБЯ, Үндэсний хөгжлийн газар хамтран автозам дагуух “Өртөө” буюу үйлчилгээний цогцолбор байгуулах урьдчилсан судалгааны туршилтын төсөл хэрэгжүүлж байна.

Төслийг үр дүнтэй, бодит ажил хэрэг болгох, түр буудаллах цогцолбор байгуулахыг хариуцах бүх шатны төрийн болон ТББ-ыг хамруулсан сургалтыг Япон Улсын Зам, гудамж талбайн судалгааны хүрээлэн, Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яам, Хүйтэн сэрүүн бүс нутаг дахь зам, гүүр, инженерийн байгууламжийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд 10 дугаар сарын 22, 29-нд цахимаар зохион байгууллаа.

Төслийн хүрээнд ЖАЙКА-гийн Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслөөс “Өртөө” авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулахад тавих шаардлага, хууль эрх зүйн зохицуулалтыг Монголын нөхцөлд нийцүүлэн боловсруулах юм. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны болон Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн автозам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах” зорилт тусгасан.


Энэ хүрээнд  БОАЖЯ, ЗТХЯ-наас Аялал жуулчлалын гол чиглэлийн автозам дагуу 150-200 км тутам байгуулах түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын стандарт батлуулж, техник эдийн засгийн үндэслэл боловсруулан, байршлын судалгааг боловсруулжээ.


Сургалтад Монгол Улсын талаас БХБЯ, ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Барилга хөгжлийн төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын холбогдох албан тушаалтан, 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид хамрагдав.

Холбоотой мэдээ