Жилд 222.8 тонн сайжруулсан түлш хэрэглэжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-10-22 23:00:59

Завхан/МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилготой "Яндангаа хөөлье" аян Завханд хэрхэн өрнөж буй талаар аймгийн БОАЖГ-аас мэдээлэл өглөө.

Тус аяныг аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Улиастай сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ хамтран явуулж байна. Аяны хүрээнд хэрхэн ямар чиглэлээр ажиллах талаарх албан тоотыг 24 суманд хүргүүлээд байгаа. Галлагааны улиралд зуух, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөх.

Хүхээгийн хаалтыг хаасан зэргээс шалтгаалан угаартах нөхцөл бүрдэж, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох хүртэл эрсдэл үүсдэг. Тиймээс дотоод орчны угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилготой сургалт сурталчилгааг хийж байна. Ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх аяны хүрээнд айл өрхүүдийн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж, иргэдэд угаарын хийн хордлогоос сэргийлэх мэдээлэл, зөвлөмж өгч байна. Аяны контент, теле-сургалт, зурагт хуудас, шторк, галлагааны үед заавал анхаарах зөвлөмж, яндан хөөлөх зааварчилгааг цахим хэлбэрээр өгч байгаа гэв.

 

Жилд 222.8 тонн сайжруулсан түлш хэрэглэжээ

Завхан аймгийн тухайд 2019 оны нэгдсэн тоо, бүртгэлийн дүнгээр агаар бохирдуулагч суурин эх үүсвэр нийт 10723 бүртгэгдсэн байна.

Тухайлбал галлагаатай өрх, төвлөрсөн халаалтад холбогдоогүй 3-15 квт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 10565 айл өрх, аж ахуй нэгж, 15-100 квт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 128 аж ахуй нэгж байна. Мөн 101-4200 квт хүчин чадалтай зуух 30 тоологдсон байна. Аймгийн хэмжээнд нийт 99922.1м³ мод, 39370.875 тонн нүүрс, 2729.235 тонн аргал, хөрзөнг түлшинд ашигласан байна. Харин 222.893 тонн сайжруулсан буюу боловсруулсан түлш хэрэглэжээ. Тухайн онд хөдөлгөөнт эх үүсвэр 14450 тоологдож, үүнээс 9700 нь автотехникийн үзлэгт хамрагдсан байна. Ердийн галлагаатай 3-15 квт хүртэлх хүчин чадалтай зуух гэдэг нь айл өрхийн ахуйн хэрэглээ, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын зуух ордог.  

Тиймээс "Яндангаа хөөлье" аяны хүрээнд бид галлагаатай аял өрх, албан байгууллагуудын нэгдсэн тооллого судалгаанд үндэслэж сурталчилгаа мэдээллийг зорилтот бүлэгт хүргэж байгаа гэлээ.

Насжилт бага автомашин хэрэглэхийг зөвлөж байна

Завхан аймагт 2019 оны агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр аймгийн хэмжээгээр 14450 авто тээврийн хэрэгсэл  тоологджээ.

Үүнээс 9700 авто тээврийн хэрэгсэл үзлэг үйлчилгээндээ бүрэн хамрагдсан байна. Өнгөрсөн онтой харьцуулахад хөдөлгөөнт эх үүсвэр 90 машинаар буюу 0.9 хувиар өссөн байна. Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр болох тээврийн хэрэгслийн нийт тоо хүн амын хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор аймгийн хэмжээнд тасралтгүй өсөж байна. Нийт тээврийн хэрэгслийг түлшний төрлөөр нь ангилан авч үзвэл бензин болон дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг харьцангуй ихээр хэрэглэж байна.

Харин насжилтаар нь ангилан авч үзэхэд 10-аас дээш жил хэрэглэж буй тээврийн хэрэгслийн тооны өсөлт бусдаасаа харьцангуй өсөлт ихтэй байна. Энэ нь хүн амын амьжиргааны түвшнээс хамааран насжилт өндөртэй хямд өртөгтэй тээврийн хэрэгслээр хэрэгцээгээ хангаж байгааг харуулж буй. Жил бүр хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо нэмэгдэж буй нь агаар, орчны бохирдлыг нэмж байгаа. Өнөөдөр Улиастай сум агаарын бохирдлын хувьд аюултай түвшинд хүрээгүй ч гэлээ анхаарах асуудал болоод буй. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд аль болох насжилт бага автомашин худалдан авах, автомашинаа жил бүр үзлэг оношилгоонд хамруулж байхыг иргэдэд уриалж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ