Орос, Хятадын хооронд цэргийн эвсэл байгуулж болохыг үгүйсгэсэнгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-23 10:12:35

НОВО-ОГАРЕВО. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ерөнхийдөө" тэдэнд хэрэггүй боловч Москва, Бээжингийн хооронд цэргийн эвсэл байгуулах боломжтойг үгүйсгэсэнгүй. 


“Бүх зүйлийг санаандаа сэтгэж бодож болно. Бидний харилцаа хамтын ажиллагаа, итгэлцлийн ийм түвшинд хүрсэн гэж бид үргэлж бодож ирсэн, ерөнхийдөө энэ нь бидэнд хэрэггүй, гэхдээ онолын хувьд энэ нь бүрэн боломжтой” гэж В.Путин пүрэв гарагт болсон олон улсын хэлэлцүүлгийн "Валдай" клубийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Хурлын үеэр Хятадын оролцогчдын нэг энэ асуултыг видео холбоосоор дамжуулан тавьжээ.


Түүний хэлснээр, ОХУ болон БНХАУ хоёр улсын нутаг дэвсгэрийн аль алинд нь тэнгисийн болон хуурай замын цэргийн сургуулийг тогтмол хийдэг. “Бид цэргийн салбарт шилдэг туршлагаа солилцдог. Цэрэг-техникийн салбар дахь бидний хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд энэ нь магадгүй зөвхөн бүтээгдэхүүн солилцох, эсвэл цэргийн зориулалттай бүтээгдэхүүн худалдаж авах, худалдах тухай биш, харин технологийн солилцоотой холбоотой хамгийн чухал зүйл болов уу. Энд мөн маш эмзэг зүйлүүд ч бий” гэж тэрбээр хэлсэн байна.


Ийм хамтын ажиллагаа нь Хятадын армийн батлан хамгаалах чадварыг дээшлүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. "Орос улс бас Хятад улс ч үүнийг сонирхож байна. Цаашид хэрхэхийг амьдрал харуулна. Гэхдээ одоо бид цэргийн эвсэл байгуулах зорилт тавиагүй боловч зарчмын хувьд бид үүнийг үгүйсгэхгүй. Ямартаа ч юу болохыг бүгдээрээ харцгааж байя" гэж тэрбээр нэмж хэлэв.


Хоёр орны харилцааны хөгжил

ОХУ БНХАУ-тай бүх чиглэлээр харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэж В.Путин мэдэгдэв. "Орос-Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Бид бие биедээ маш их итгэл хүлээлгэж, бүх салбарт хүчтэй, тогтвортой, хамгийн чухал нь үр дүнтэй ажиллаж байгаа хэлхээ холбоог бий болгосон" гэж тэрбээр хэллээ.


В.Путин БНХАУ-ын Ерөнхийлөгчийг өөрийн найз гэж нэрлээд түүнтэй байнга зөвлөлддөг гэдгээ тэмдэглэв. "Бид үргэлж урагшлах боломжийг олдог" гэж В.Путин хэлэв.


Түүний хэлснээр, өнгөрсөн онд хоёр улсын худалдааны хэмжээ 111 тэрбум ам.доллароос давжээ. "Бид мэдээж илүү их амжилтад хүрнэ" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Одоо хоёр улс эрчим хүч болон эдийн засгийн бусад салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж байгааг, мөн олон улсын тавцанд хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ