Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-23 14:53:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургууль өргөтгөл хийснээр 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгыг ашиглалтад оруулж энэ сарын 23-нд нээлтээ хийлээ. 

Нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон аймаг орон нутгийн удирдах ажилтан, тус сургуулийн багш, сурагч, эцэг эх, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцов.

Улсын төсвийн 5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн тус бүтээн байгуулалтыг “Баруун жонон” ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ.

Орон нутгийн хүүхэд, багачууд, залуу үеийнхнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад сургалтын орчин нөхцөл чухал үүрэгтэй. Тиймээс 2012 оноос эхлэн Цаст-Алтай цогцолбор сургуульд өргөтгөл хийх асуудал яригдаж, багш, сурагчдын хүлээлт үүсээд байсан. Тэгвэл 2020 онд бодит ажил хэрэг болж, номын сан, цайны газар, спорт заал, ариун цэврийн байгууламж бүхий орчин үеийн тоног төхөөрөмж, материаллаг баазад суурилсан шинэ хичээлийн байр үүд хаалгаа нээж байгаад багш сурагчид талархалтай байв.     

Ийнхүү Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор сургалтын үйл ажиллагаа сайжрах, хүчин чадлын хэмжээ өргөжих, цаашлаад багш, сурагчид орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд сурч, хөгжих, ажиллах боломж бүрдсэн юм. 


Холбоотой мэдээ