Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-10-23 15:58:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ.

Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр НИТХ-ын шинэ төлөөлөгчид Д.Сумъяабазараас асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчид УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой хэмээг асууж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатай атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг хүсэж байгаагаа төлөөлөгчид илэрхийлж байв.

Д.Сумъяабазар хэлэхдээ, “Миний хувьд хууль зөрчсөн зүйл болон энд маргаантай юм байхгүй. Хотын аж ахуйн ажил бүртэй тулж ажиллах боломжтой тул нийслэлийн МАН-ын шийдвэрийг даган 2020-2024 онд “Нийслэлийн Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэн ажиллаарай гэсэн захиас даалгаврыг хүлээн авсан. Тиймээс цаашид улс төржихгүйгээр хотоо хөгжүүлэх нь бидний ажил” гэлээ.


Нийслэлийн Засаг даргад томилогдвол хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг нэн түрүүнд шийдэх талаар онцлов. 



Асуулт, хариулт дууссаны дараа НИТХ-ын шинээр сонгогдсон дарга Ж.Батбаясгалан Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулан санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталж НИТХ-ын анхдугаар хуралдаан хаасан юм. Цаашид УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Монгол Улсын Ерөнхий сайд батламжилснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдох юм. 

Д.Сумъяабазар сэтгүүлчдэд яриа өгөх үеэр хэрэв нийслэлийн Засаг даргад томилогдвол ажлаа юунаас эхлэх вэ гэсэн асуултад нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг нэн түрүүнд шийдэх талаар онцолсон юм. Энэ талаар төр, засгийн түвшинд эрхзүйн зохицуулалтыг шийдэхээс эхэлнэ гэдгийг мэдэгдэв. 


Холбоотой мэдээ