Тайваньчуудын хандивласан мэс заслын гэрлийн тусламжтай 400 гаруй хүнд мэс засал хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-10-23 17:04:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваньчууд энэ оны эхээр Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын гэрэл хандивласан юм.

Тус эмнэлгийн мэс заслын өрөөг хангалттай, зориулалтын гэрлээр гэрэлтүүлэн, тухайн орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний түвшинг ахиулахад хувь нэмрээ оруулсныг энэ сарын 21-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан хандивын ёслолын үеэр онцлов. 

Булган сумын нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Б.Батбаатар хэлэхдээ, Тайванийн хандивласан мэс заслын гэрлийг ашиглаад нэлээд хэдэн сарын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд нийт 400 гаруй хүнд, хөнгөн хэлбэрийн мэс заслыг тус гэрлийн тусламжтай амжилттай хийж гүйцэтгэсэн. Иргэдэд үзүүлэх оношилгоо эмчилгээний хүчин чадал нэмэгдсэний улмаас хөрш зэргэлдээ сумын иргэд ч ирж үйлчилгээ авах болсон тул энэхүү мэс заслын гэрэл маш чухал үр нөлөөтэй болсон юм” хэмээв.


Булган сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөө зориулалтын гэрэл гэрэлтүүлэггүйн улмаас эмч нар мэс заслын үеэр уурхайчдын гэрэлтэй малгай өмсдөг байсныг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө дурдаад, одоо мэргэжлийн гэрэлтэй болсон нь эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн үйлчилгээг илүү үр дүнтэй үзүүлэхэд тусалж байна хэмээлээ.

Тайвань өнгөрсөн жил 100 гаруй эмнэлгийн орыг Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг (Баруун бүсийн бүсийн оношилгоо эмчилгээний төв), Булган сумын нэгдсэн эмнэлэг зэрэг хэд хэдэн сумын эмнэлэгт хандивлаж, тэдгээр эмнэлгийн эмчлүүлэгч, өвчтөнд илүү тохитой орчинд эмчилгээ оношилгоо хийлгэх боломжийг олгожээ.

 

Холбоотой мэдээ