“Төвийн бүсийн түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-10-23 20:31:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимтай хамтран “Төвийн бүсийн түншлэл -2020”, “Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Залуучууд театрт зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилготой үзэсгэлэн худалдаа юм.

21 дэхь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан, Булган, Төв, Орхон зэрэг зургаан аймгийн 80 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага оролцож байна. Үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагчаар Стандарт хэмжилзүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Залуучууд театр ажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Газар капитал партнерс” ББСБ ажиллаж байна.

Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдаа энэ бүтэн сайн буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хаалтаа хийнэ. 

Тиймээс иргэд та бүхэн энэхүү үзэсгэлэн худалдааг зорьж нэг дороос хямд өртгөөр өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүн, хүнсийг авахыг урьж байна.

Мөн Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалтаа зүүхийг уриалж байна.

Холбоотой мэдээ