Жавхлант хийморь хоршооны автобусаар 13000 орчим зорчигч зорчжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-10-23 19:38:06

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн "Жавхлант хийморь" хот хоорондын зорчигч тээврийн хоршооны автобусаар өнөөдрийн байдлаар 13000 орчим зорчигч үйлчлүүлж, хот хооронд зорчжээ.

Энэ жилийн тухайд COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хугацаанд дөрвөн удаа сул зогсолт хийсэн байна. Мөн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үеэр автобусны ариутгал халдваргүйтгэлийг стандартын дагуу тухай бүр нь хийж, зорчигчдыг чиглэл бүрд халууныг нь хэмжих, амны хаалтыг зүүлгэх, гарын ариутгалыг хийлгэж тухай бүр нь журмын дагуу үйлчилгээ үзүүлжээ. Улиастайгаас-Улаанбаатар, Улаанбаатараас-Улиастай чиглэлд орон нутгийн зорчигч тээврийн хоршооны 17 том оврын автобус иргэдэд үйлчилжээ.

Өнгөрсөн онд тус хоршооны автобусаар 29000 орчим насанд хүрэгчид, 3000 орчим хүүхэд нийт 32000 иргэн үйлчлүүлсэн байна. Тус хоршоо жил бүр шуурхай найдвартай үйлчилгээг иргэдэд санал болгодог. Харин энэ жил мөн л аюулгүй баталгаатай тохь тухтай автобусаар иргэддээ шуурхай, стандартын дагуу үйлчлэх зорилтыг тавьж зорчигч бүрийг бүсээ зүүж явахыг уриалжээ. Түүнчлэн энэ жил автобусныхаа тоог нэмэх, шинэчлэлт хийх зэргээр хот хоорондын шугамд гаргаж өдөр бүр 16.00, 18.00 цагаас Улаанбаатар, Улиастайгаас үйлчилгээ үзүүлж буй аж. Ингэснээр автобусны шугамын нэг эргэлтийн амрах хугацаа урт болж жолооч нар хангалттай цагт амрах, автобуснуудад засвар үйлчилгээг хийх боломж илүү гарч байгаа гэв. Түүнчлэн тус компанийн автобус аймгийнхаа цаг үеийн мэдээлэл бүхий тусгай хөтөлбөр, сард хоёр удаа тогтвортой хөгжлийн сургалтыг аймгийн ОНХМХ-той хамтран зорчигчдод өгчээ. 

Холбоотой мэдээ