Уралын Холбооны их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-24 10:59:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Хаттулга зарлиг гаргаж, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “…ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёл, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг бүх салбарт дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өчигдөр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Холбооны их сургуульд болж, шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа гардуулан өгөв. Элчин сайд Д.Даваа Төрийн дээд шагнал Сүхбаатарын одон гардуулсны дараа баяр хүргэж, үг хэлэхдээ, “Уралын Холбооны их сургуулийг төгссөн монгол төгсөгчид эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, мэдлэг, чадвараа дайчилснаар эдийн засаг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн болжээ. Монголын нэр хүндтэй улс төрч УИХ-ын дарга асан З.Энхболд, салбарын сайдын албан тушаал хашиж асан, парламентын гишүүнээр сонгогдсон Д.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Г.Мөнхбаяр, академич С.Батмөнх, Д.Содномдорж, “Монгол” итгэлцлийн сангийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд зэрэг эрхмийг танилцуулахад таатай байна. Уралын Холбооны их  сургуулийг төгссөн монголын төгсөгчид Монгол-Оросын стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд манай улсын олон талт хамтын ажиллагаа, Монгол-Оросын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгийг тэмдэглэхэд таатай байна” гэв.

Уралын Холбооны их сургуульд 1960 оноос монгол оюутан суралцаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 3,000 гаруй монгол оюутан суралцан төгсөж, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг чиглэлээр нарийн мэргэжил эзэмшив. Уралын Холбооны их сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын гавьяат 22 ажилтан төржээ. Одоогоор тус сургуульд 50 гаруй монгол оюутан бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.

Холбоотой мэдээ