Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөгөөнөөс уриалга гаргалаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-10-25 10:56:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөгөөн энэ сарын 23-нд Мандалговь хотноо болж, тус зөвлөгөөнөөс уриалга гаргалаа.

Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-аас санаачлан Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” (ЭТИС) хөтөлбөрөөс дэмжин, ТББ-уудын оролцоотойгоор хамтран зохион байгуулж, 15 сумын 120 бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо.

Тус зөвлөгөөний үйл ажиллагааны хүрээнд  ЭТИС хөтөлбөрийн бизнесийн зөвлөх Б.Байгалмаа “Орон нутгийн брэнд  бүтээгдэхүүний борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” сэдвээр, “Хархираан Хатад” ТББ-ын тэргүүн, бизнесийн сургагч багш Х.Бинъяа “Орон нутгийн соёлын өвийг тээгч эмэгтэйчүүд” сэдвээр тус тус сургалт явуулж, орон нутгийн үйлдвэрлэгч эмэгтэйчүүд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гарган, туршлагаа хуваалцаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн эцэст нь уриалга гаргасан юм.

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” (ЭТИС) хөтөлбөр 2019 оноос Дундговь аймагт хамтын ажиллагаагаа эхлүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднийг сургаж, чадавхжуулах, санхүүжилт олгох, Төр, ТББ, хувийн хэвшлийн оролцоотой Тогтвортой хөгжил түншлэлийн зөвлөл байгуулан ажиллаж байгаа ажээ.

Тус нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнээс зөвлөгөнөөний ач холбогдлын талаар тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Дундговь аймагт зохион байгуулж байгаа энэхүү зөвлөгөөн бол ЭТИС хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг олон үйл ажиллагааны нэг хэсэг нь юм. Энэ сургалт зөвлөгөөнөөр манай хөтөлбөрийн бизнесийн хоёр зөвлөх ирж, хичээл заалаа. 15 сумын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 120 эмэгтэй зөвлөгөөнд оролцож байгаад би маш их баяртай байна.

Өнөөдрийн энэ зөвлөгөөний үр дүнд бол бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань бизнесээ хөгжүүлэхийн тулд шинэ сэргэг мэдээлэл, шинэ санаа олж авч, хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.  

Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж, түүнийг шийдвэрлэхэд хэн ямар оролцоотой байх, тэр дундаа донор байгууллагууд, ЗДТГ, ХАҮТ зэрэг гол гол байгууллагуудын оролцоо юу байх вэ, сумд, биднес эрхлэгч эмэгтэйчүүд өөрсдөө ямар оролцоотой байх вэ, хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ ярилцлаа.

Бас энэ үйл ажиллагааны маань гол онцлог бол бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гарган, худалдан авалт хийж аймаг, сумын үйлдвэрлэгч эмэгтэйчүүд маань харилцан туршлага солилцох давуу тал, боломж олгож байгаа явдал юм. Ингээд зөвлөгөөн сургалт, үзэсгэлэн худалдаа гээд энэ олон үйл ажиллагааг нэг дор цогцоор нь хэрэгжүүлж, энэ үйл ажиллагааг манай байгууллага бас хамтран зохион байгуулж оролцож байгаадаа их баяртай байна” гэсэн юм. 

Холбоотой мэдээ