“Таван хан” шатрын клубээс 20 тамирчин улсын аваргад оролцох эрх авчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-27 14:57:27

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 

Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургууль дээр зохион байгуулсан уг тэмцээнд нийт 240 гаруй өсвөрийн шатарчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна. Тэмцээн 5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 насны эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар болжээ. Уг тэмцээнд амжилттай оролцож, эхний гурван байрт шалгарсан тамирчдад энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон байна.

Уг тэмцээнээс Сэлэнгэ аймгийн “Таван хан” шатрын клубийн тамирчид багийн нийлбэр дүнгээрээ тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн аж. Тус клубийн тамирчид долоон алт, найман мөнгө, таван хүрэл медаль авч, улсын аваргын тэмцээнд 20 тамирчин оролцох эрх авчээ. Өсвөрийн шатарчдын аймгийн аваргын тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, БТСГ, Улсын тэргүүний 1-р сургууль хамтран зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймгийн хувьд спортыг бүх төрөлд дэмжиж ажилладаг. Энэ ч утгаараа оюун ухааны хаан гэгддэг шатрын спортын төрөлд Сэлэнгэ аймгаас тив дэлхийд улсынхаа нэрийг дуурсгасан олон шатарчин төрөн гарсан байдаг. Тодруулбал Алтанбулаг сумын харьяат, дэлхийн шатрын их мастер А.Энхтуул, Сүхбаатар сумын харьяат олон улсын мастер Б.Уянга, мөн сумын харьяат сурагчдын дэлхийн болон Азийн аварга, олон улсын дэд мастер Д.Цэлмүүн, олон улсын дэд мастер, 2019 оны улсын аварга тамирчин Т.Номиндалай, улсын аварга, олон улсын дэд мастер Б.Амин-Эрдэнэ, Алтанбулаг сумын харьяат олон улсын дэд мастер Г.Учирал нар юм. Эдгээр тамирчид Монгол Улсын шатрын спортын түүхэнд хувь нэмрээ оруулан Сэлэнгэ нутгийнхаа нэрийг гаргаж, Монголын мянга мянган шатар сонирхогчдын бахархал болж яваа. 


Холбоотой мэдээ