Сингапур улсын эрүүл мэндийн албан хаагчдад бэлгийн багц хүргүүлжээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-10-26 10:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Сингапур улсын эрүүл мэндийн албан хаагчдад 200 ширхэг бэлгийн багц хүргүүлжээ.


Монгол Улсын Засгийн газраас энэ онд тохиож буй хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх болон Монголд олгосон тусламжид нь талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон Монголын эко бүтээгдэхүүнүүдийг дээжлэн 200 бэлгийн багц илгээсэн юм.


Тодруулбал, “COVID-19” цар тахлаас сэргийлэхэд Монгол Улсад туслах үүднээс Сингапур улсаас Монгол Улсад 3000 ширхэг “Fortitude 2.0” багц оношилгооны түргэн тест, 10 ширхэг “Yuwell 9F-5AW” хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивласан. Мөн Сингапур дахь ЭСЯ-ны санаачилгаар Монгол Улсад бизнес эрхлэгч Сингапур иргэдээс 30 мянган син.долларын хандив цуглуулж, түүгээр Сингапур Улсын “Biolidics” лабораторид үйлдвэрлэсэн “2019-nCoV IgG/IgM Antibody Detection kit” нэр бүхий 1800 ширхэг түргэн тест худалдан авч, Монгол Улсын ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн юм.


Монголоос илгээсэн бэлгийн багцыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж тус улсын“Тан ток сенг” эмнэлгийн Гүйцэтгэх захирал Др. Юүжин Фиделис Сод гардуулсан байна. 175 жилийн түүхтэй “Тан ток сенг” эмнэлэг нь Сингапур Улсын “Ковид-19” цар тахлыг судалж, эмчилж буй эрүүл мэндийн төв байгууллага- “Халдварт өвчний үндэсний төв”-ийг удирддаг нэгдсэн төв эмнэлэг юм.

Холбоотой мэдээ