Польшид үр хөндүүлэхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-10-26 11:29:31

ВАРШАВ. /PAP/. Польшийн Үндсэн хуулийн шүүхээс пүрэв гарагт гаргасан үр хөндүүлэхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцсэн жагсаалууд тус улсын янз бүрийн хотуудад ням гарагт боллоо. Ургийн гажиг илэрсэн шалтгаанаар жирэмслэлтийг зогсоохыг зөвшөөрсөн хуулийн зүйл заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж Үндсэн хуулийн шүүгчид үзсэн юм.


Варшав, Гданьск, Познань болон бусад хотуудад жагсагчдын тоо хэдэн мянгад хүрчээ. Шинэ хоригийг эсэргүүцэгчид ням гаргийн өглөө католик сүмүүдийн дэргэд цугласан байна. Жагсаал цуглаанд оролцогчид "Миний бие бол миний сонголт", "Хүүхэд төрүүлэх талаар та нар юугаа мэдддэг юм?", "Үр хөндөлт бол хүний эрх", "Сүм хийд улс төрөөс гар" гэх зэргээр бичсэн уриа лоозон барьцгаасан байжээ. Орой нь жагсагчид нийслэл хот дахь Ерөнхийлөгчийн ордны гадна эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсэн байна.


Варшав болон бусад хотуудад үр хөндөлтийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд зодоон цохион болжээ. Олон жагсаалыг нийгмийн сүлжээгээр цацсан байна. Познань, Катовице хотод цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн тухай мэдээлж байна. Эсэргүүцлийн жагсаал даваа гарагт үргэлжлэх төлөвтэй байна.


"Хүн амын удмын санг сайжруулах зорилгоор үр хөндүүлэх нь" хүний ​​амьдралыг хамгаалах хэм хэмжээг үл хүндэтгэсэн явдал гэж үздэг парламентын хэсэг гишүүд ургийн гажгийн улмаас жирэмслэлтийг зогсоох нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг авч үзэхийг шүүхээс хүсжээ. Польшийн Үндсэн хуулийн 30-р зүйлд үр тогтсон цагаас хойш жирэмсний үеийг оруулаад хүний ​​хөгжлийн бүх үе шатанд амьд явах эрхийг тунхагладаг гэж тэд мэдэгддэг байна. Үндсэн хуулийн шүүх тэдний байр суурийг дэмжжээ. Харин үүнийг эсэргүүцэгчид эмэгтэйчүүдийг хэвийн амьдрах боломжгүй хүүхэд төрүүлэхийг албадах нь хүлээн зөвшөөрөмгүй зүйл гэж үзэж байгаа аж.


Тус улсад үр хөндөлтийг зөвшөөрөх гурван нөхцөлийг тусгасан хууль 1993 оноос хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, жирэмслэлт эхийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар бол, ургийн гажиг илэрснийг батлах эмнэлгийн магадалгаатай тохиолдолд, жирэмслэлт хүчингийн гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас үүссэн бол үр хөндүүлэхийг зөвшөөрдөг байна. Польшийн парламентад олонхын суудалд эзэлдэг, эрх баригч “Хууль ба шударга ёс” намын төлөөлөгчид урагт Дауны синдром гэх зэрэг ямар нэгэн гажиг илэрсэн байсан ч үр хөндүүлэхийг эсэргүүцэж байгаа аж.


Польшийн Үндсэн хуулийн шүүхээс гаргасан үр хөндөлттэй холбоотой шийдвэр “Хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны хэвлэл”-д нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болно. Энэ мөчөөс эхлэн польш эмэгтэйчүүд эхийн амь насанд аюул учирсан эсвэл хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэлсэн гэсэн зөвхөн хоёр шалтгаанаар үр хөндүүлж болох аж.


Холбоотой мэдээ