О.Оюунтунгалаг: Төрийн жинхэнэ алба бол маш өндөр хариуцлага, ёс зүй, мэдрэмж, ур чадварыг шаарддаг

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-26 12:51:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 6600 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албанд ажил мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн албан хаагчийг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг төрийн албан хаагчид хэлж байна. Тухайлбал боловсролын салбарт ажиллаж байсан багш төрийн албан хаагч болсноор цалин урамшуулал нь эрс багассан байна. Энэ тухай Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын Монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалагтай ярилцлаа.


-   - Таны хувьд боловсролын салбарт үр дүнтэй, багш нараа манлайлан ажиллаж байсан хүн. Яагаад төрийн жинхэнэ албан хаагч болохыг  зорив?

- Би Мөрөн сумын Титэм сургуульд Монгол хэл, бичгийн багшаар 8 жил ажиллаад, Боловсролд соёл урлагийн газарт  Монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтнээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Багшаар ажиллахдаа мэргэжлийнхээ чиглэлээр улс, аймаг, бүсийн олон уралдаан тэмцээнд шавь нартайгаа амжилттай оролцож ирсэн. Сургууль, хамт олныхоо итгэл, хүндлэлийг хүлээх нь цаанаа асар том үүрэг хариуцлага байлаа. Гэвч би өөрөө л сайн байгаад, бид хэчнээн хичээгээд ч, аймгийн эх хэлний сургалтын чанар төдийлөн ахицгүй, иргэд, олон нийтийн эх хэлний боловсролд хандах хандлага, үнэлэмж ч тааруу, хамгийн гол нь багшлах боловсон хүчин хэт залуужсан нь давуу тал боловч тэднийг арга зүй удирдлагаар ханган ажиллах, ажлын байранд нь хөгжүүлэх нэн шаардлага тулгарч байсан. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдвэрлэх бодлого барих байгууллагад ажиллаад үзэхээр шийдсэн. Багш нар маань ч их дэмжсэн.

-  Төрийн захиргааны  албан хаагч болоод ямар амжилт гаргав?

- Хөвсгөл аймгийн монгол хэлний боловсролыг хариуцан, Монгол хэл, бичгийн 150 багшаа удирдан чиглүүлэх гол үүрэгтэйн дээр Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгээр ажиллаж байна. Улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд багш сурагчдаа чиглүүлэн оролцох, багш нараараа чиглүүлэн арга зүй, удирдлагаар ханган ажиллаж,  сум, сургуулийн хүрээнд монгол хэл, бичгээ түгээн дэлгэрүүлэх оновчтой үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулсны үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Хөвсгөл аймгийг “Эх хэлээ дээдлэн дэлгэрүүлэгч аймаг”-аар батламжилсан. Мөн төрийн албан хаагчдын монгол бичгээр унших, бичих чадварыг дээшлүүлэх зорилгоор МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалахыг уриалж, тус сониноо уншсанаар ямар үр дүн гарах вэ гэдгийг ойлгуулсны  үр дүнд "Хүмүүн бичиг" сонины захиалгаар улсад  4 дэх жилдээ тэргүүлж байна.


- Төрийн жинхэнэ албыг та өмнө нь төсөөлж байсан байдал яг бодит амьдрал дээр ямар байна?

- Багшийн мэргэжлээс огт өөр байсан. Анх төсөөлөхдөө би мэргэжилдээ чадварлаг, онолын мэдлэг өндөр байхад л болно гэж боддог байлаа. Үгүй юм. Бид чинь орон нутгийн боловсролын бодлогыг тодорхойлж, зангидаж буй хүмүүс. Харилцааны ур чадвар болоод, удирдан зохион байгуулах гээд л олон талын ур чадвар шаардагдаж, багш нараасаа түрүүлж хөгжих ёстойг мэдэрч эхэлсэн. Уншиж судлах, судлан шинжлэх болон мэдээллийн технологийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, хууль эрх зүйн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх зэрэг нь бидний өдөр тутмын үйл.

-Цалин урамшууллын хувьд өөрчлөлт гарсан уу?

-Үнэхээр их өөрчлөлт гарсан. Залуус төрийн албыг босго өндөр үүнийгээ дагаад цалин урамшуулал ч өндөр гэж боддог. Гэвч энэ бол огт өөр байсан. Би багш байхдаа 3 жилийн өмнө анги даалтын, кабинет хариуцсаны, илүү цагийн хөлс, ур чадварын болон зэргийн нэмэгдэл гээд  сард 700-800 мянган төгрөг гар дээрээ авдаг байсан. Харин төрийн жинхэнэ албан хаагч болоод 570 мянган төгрөг, жилийн дараа зэрэг нэмж 670 мянган төгрөг авдаг болсон Хамгийн гол нь багш байхдаа авдаг байсан хөдөө орон нутгийн урамшуулал 5 жилийн мөнгөө авах боломжгүй болсон. Өнөөдөр төрийн албанд орсон иргэд яагаад тогтвор суурьшилгүй ажиллаж байна гэвэл цалин хөлс урамшуулалтай л холбоотой. Төрийн албанд чадварлаг залуусыг тогтвортой ажиллуулахад гол хөшүүрэг бол цалин урамшуулал юм. Иймд цалин урамшууллыг нэмэгдүүлэх тал дээр төр засаг анхаарах хэрэгтэй.

- Төрийн албаныхан их хүнд сурталтай  гэж яригддаг.  Та санал нийлэх үү?

Үгүй дээ. Ажил мэргэжил, албан тушаалын чиг үүргийнхээ дагуу л үйлчлүүлэгчидтэйгээ харилцаж, шаардлага тавина шүү дээ. Магадгүй тавьсан шаардлага биелүүлэхээс татгалзсан иргэд ийм яриа гаргадаг байж болно. Бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явдаг учраас иргэн ч гэсэн үүргээ биелүүлэх ёстой шүү дээ. 

- Төрийн албаны хууль хэрэгжээд танд ямар өөрчлөлт шинэчлэл мэдэгдэж байна?

- Сонгон шалгаруулалт илүү ил тод нээлттэй боллоо, ингэснээр чадварлаг залуус төрийн албанд шинээр орж ирж байгаа нь анзаарагдаж байна. Мөн төрийн албан хаагчийн сургалтын орчин, ажил дүгнэх байдал илүү тодорхой ойлгомжтой болж байна. Манай аймагт төрийн бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг буй болгож, хариуцлага тооцдог болсон. Хамгийн их хэл ам дагуулдаг төрийн албаны шалгалтыг онлайнаар шууд дамжуулж иргэдэд нээлттэй хүргэдэг болсон гээд олон шинэлэг ажлуудыг хийж байна. 

- Төрийн жинхэнэ албыг сонирхож буй иргэдэд юу гэж хэлэх вэ?

- Магадгүй төрийн үйлчилгээний, төрийн улс төрийн албыг хашиж байсан залуучуудад өмнөх алба нь туршлага болох ч “Төрийн жинхэнэ алба” бол маш өндөр хариуцлага, ёс зүй, мэдрэмж, ур чадварыг танаас шаардана гэдгийг сайтар ойлгож ухаарах хэрэгтэй болов уу. Өндөр хариуцлагатай алба. Миний хувьд Хөвсгөл аймгийн 28 мянга гаруй хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө цаг наргүй зүтгэж буй сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн 4 мянга гаруй багш нарыг Боловсрол соёл урлагийн газар хэмээх байгууллага удирдан чиглүүлж ажиллаж байна. Үнэхээр ачаалалтай, цалин урамшуулал хангалтгүй ч бидний үйлс “Нийгмийн сайн сайхны төлөө” учир хамгийн хариуцлагатай алба. 

Холбоотой мэдээ