Буриадын эрдэмтэн Банзарын Доржийн дурсгалын самбарыг Казаньд нээв

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-10-26 13:19:07

КАЗАНЬ. /bsu/. Монгол үндэстний дундаас шинжлэх ухааны эрдмийн зэргийг анх удаа хүртсэн Буриадын эрдэмтэн Доржи Банзаров буюу Банзарын Доржийн дурсгалын самбарыг нээх ёслолын үйл ажиллагаа ОХУ-ын улсын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хотод боллоо.


Уг самбарыг 170 гаруй жилийн өмнө эрдэмтний сурч байсан Казанийн Холбооны Их сургуулийн хананд байрлуулжээ. Тэрбээр хамгийн жинтэй бүтээл болох "Хар шүтлэг буюу монголчуудын бөө мөргөл" сэдвээр бичсэн төгсөлтийн ажлаа 1846 онд чухам энэ их сургуульд танилцуулж байжээ. Түүний энэ ажил Казанийн их сургуулийн Известия сонинд хэвлэгдсэн байна. Энэхүү бүтээлээрээ залуу эрдэмтэн философийн ухааны доктор цол хүртсэн бол энэ ажлынх нь шинжлэх ухааны ач холбогдол өнөөг хүртэл чухал хэвээр байгаа билээ.


Дурсгалын самбар нээх ёслолд ОХУ-ын Төрийн Думын депутат М.М.Бариев, А.В.Дамдинов, Д.Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургуулийн захирал Н.И.Мошкин, Буриадын театрын найруулагч Олег Юмов, Казанийн их сургуулийн захирлууд, оюутнууд оролцжээ.


2022 онд Буриадад Банзарын Доржийн мэндэлсний 200 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бөгөөд дурсгалын самбар нээх нь энэ үйл явдлын чухал хэсэг юм. Буриадын театрын найруулагч Олег Юмов Банзарын Доржийн мэндэлсний ойд зориулан бүтээсэн түүний амьдралын тухай киногоо Казаньд тун удахгүй толилуулах аж.



Холбоотой мэдээ