Оюутнууд спортын V наадамд оролцохоор бэлтгэлээ базааж эхэллээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-26 15:00:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, БТСУХ-ны дэмжлэгтэйгээр Спорт холбоодтой хамтран Монголын оюутны спортын холбооноос спортын 10 төрлөөр “Монголын оюутны спортын V наадам” зохион байгуулах бэлтгэл ажлыг баасан гарагт эхлүүлж Техникийн зөвлөгөөнөө хийсэн.



Уг хуралд эхний ээлжинд 40 гаруй Их, дээд сургуулийн төлөөлөл оролцсон. Өнөөдөр тус наадмын хамгийн эхэнд болох сагсан бөмбөгийн тэмцээний сугалаа болон техникийн зөвлөгөөн боллоо.


Энэ үеэр МОСХ-ны Ерөнхий нариын бичгийн дарга Д.Жаргалсайханаас тус наадмын талаар тодруулга авсан юм.



Тэрбээр: “Монголын оюутны спортын V наадам”-ын салхийг хагалж ирэх долоо хоногт сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлэх бөгөөд оюутнууд спортын 10 төрлөөр өрсөлдөнө. Наадмын тэмцээнүүд 12 дугаар сарын 10 хүртэл явагдана. Тус наадмын анхан шатны тэмцээнүүдэд нийт 93 их, дээд сургуулийн 150 мянга гаруй оюутан залуучууд оролцоод шалгарсан баг тамирчид нь шигшээ шатанд оролцоно. Наадмын бэлтгэл ажлууд өнгөрсөн оны сүүлээр явагдаж эхэлсэн. Харин наадмыг 2020 оны хавар зохион байгуулах байсан боловч “COVID-19” халдварын улмаас хойшлогдсон. Энэ наадмын үйл ажиллагааг “Эрдэнэс-Тавантолгой” ХК дэмжигч байгууллагаар ажиллаж оюутан залуусаа дэмжиж байгаа. “Монголын оюутны спортын V наадам”-аас шалгарсан баг тамирчид ирэх оны наймдугаар сард БНХАУ-ын болох Чиньдү хотноо болох Дэлхийн оюутан залуучуудын спортын универсиад ХХХI наадамд эх орноо төлөөлөн оролцоно. Оюутан залуучууд V наадамд оролцсоноор спортод хандах идэвх хандлага нь улам бүр нэмэгдэж, эрүүл чийрэг болж, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлж, бие даан спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болохын зэрэгцээ шилдэг тамирчдаа тодруулна. Наадамд багаа оролцуулах гэж байгаа нийт их, дээд сургуулийн хамт олон, оюутан тамирчид, багш дасгалжуулагчдад спортын өндрөөс өндөр амжилт гаргаж, медальт байруудад шалгарахыг хүсэж байна” гэлээ. 



“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комисс болон нийслэлийн онцгой комиссын зөвлөмжийг баримтлан “Монголын оюутны спортын V наадам”-ын тэмцээнүүдийг зохион байгуулна.


Спортын наадмын тэмцээнүүдийн заал, танхимыг хуваарийн дагуу ариутгаж, халдваргүйжилт хийж, гар ариутгагч тогтмол хэрэглэнэ. Мөн зохион байгуулагч, шүүгчид тамирчдын болон үзэгчдийн халууныг өдөр бүр хэмжиж байх аж. Бүх хүнийг масктай спорт зааланд оруулах юм байна. Харин тамирчид тоглолтын үед маск хэрэглэхгүй. Үзэгчдийн хоорондын зайг 1,5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн спортын наадмыг Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ