Дуут суманд хууль бусаар янгир агнажээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-26 16:45:58

Ховд /МОНЦАМЭ/. Хууль бусаар янгир агнасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрээс иргэн Г нь энэ оны аравдугаар сарын 19-ний өдөр нэг тооны янгир агнасан гэмт хэргийг илрүүлсэн. Улмаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газраас тус нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэж яваа эсэхэд хяналт тавьж, хулгайн мах тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор эргүүл, шалгалтыг эрчимжүүлжээ.  

Хууль бусаар ан агнасан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулдаг. Тодруулбал: Эрүүгийн хуулийн 24.5.1 Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. Иймд иргэд улсын тусгай хамгаалалт бүхий газраас хууль бусаар ан агнахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.    

Холбоотой мэдээ