Тусгай хамгаалалттай бүс орчмын сумд түргэн тусламжийн машинтай боллоо

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2020-10-26 16:27:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Германы сэргээн босголт, зээлийн банк (KFW) хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон автомашиныг 16 суманд хүлээлгэн өглөө.

Эдгээр автомашиныг Завхан аймгийн Отгон, Улиастай, Их-Уул, Булган аймгийн Тэшиг, Архангай аймгийн Ихтамир, Хангай, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Дадал, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул, Төв аймгийн Эрдэнэ, Алтанбулаг, Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал зэрэг ТХГН-ийн бүс орчмын сумдад хүргэнэ.  

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай 34 газар нутаг, 21 сав газрын захиргаа бий. Байгаль хамгаалагчид, нутгийн ард иргэд байгалиа хамгаалж, үр хойчдоо өвлүүлэхэд гар бие оролцдог. Харьцангуй алс нутагт амьдардаг учраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулах шаардлага бий. Иймд хангай, төв, зүүн бүсийн тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг 16 сумын эрүүл мэндийн төвийг машинтай болгож байна” гэв.

 Энэ төслийн эхний шатанд 11,5 сая евро, хоёр, гуравдугаар шатанд 27,5 сая евро буюу 39 сая евроны буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжүүлжээ. Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн Дорнод Монгол, Улаан тайга, Хан Хэнтий, Отгонтэнгэр, Зэд-Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Онон Балж, Горхи-Тэрэлж, Орхоны Хөндий, Тарвагатайн нуруу, Хангайн нуруу, Хустайн нурууны байгалийн цогцолбор газрууд зэрэг дэд төсөл хэрэгжиж байгаа.

 

Холбоотой мэдээ