“Олноо өргөгдсөн Монгол Улсын язгууртан, мяндагтнууд” гэрэл зургийн цомгийг нээв

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2020-10-26 19:21:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олноо өргөгдсөн Монгол Улсын язгууртан, мяндагтнууд” гэрэл зургийн цомгийн нээлт өнөөдөр Соёлын төв өргөөнд байдаг Театрын музейд болов.


Энэхүү цомог нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бие, сэтгэл, үйл хэргээ зориулсан XIX, XX зууны эрхэм язгууртан, мяндагтан 63 хүний намтар түүхийг монгол, кирилл, англи бичгээр бичиж, ховор түүхэн гэрэл зургуудын хамтаар хэвлүүлснээрээ онцлогтой бүтээл болжээ.


Өнөөгийн монгол хүн бүрийн үндэсний бахархлыг бадрааж, улс орныхоо төлөө гэсэн сэтгэл, зүрхний нандин утсыг хөндсөн энэхүү гэрэл зургийн цомгийг бүтээхэд Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Чойжин ламын сүм-музейн архив, ТЕГ-ын Тусгай архив, Гандантэгчинлэн хийдийн архив, Доктор Хасбаганы Ариунчимэг, МУСГЗ Сэрээтэрийн Цацралт, Хүний гавьяат эмч Тойвгоогийн Тамир тэргүүтэй олон байгууллага, хүмүүсийн оролцоо онцгой үүрэгтэй байсныг нээлтийн үеэр цомог бүтээгч Төслийн удирдагч, санаачлагч, эмхэтгэгчид, уран бүтээлчид тэмдэглэж байв.



VIII Богд Жибзундамба хутагт Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу /1870-1924/, Улсын Эх дагина, хатан Цэндийн Дондогдулам/1874-1923/, Сайн ноён хан, чин ван Төгс-Очирын Намнансүрэн /1878-1919/, Манлайбаатар, Засаг төрийн Жүн ван Жамсрангийн Дамдинсүрэн /1871-1921/ Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын гүн Дамдины Сүхбаатар /1893-1923/, Агданбуугийн /Анандын/ Амар /1886-1941/ зэрэг Монголын сор болсон язгууртан, мяндагтан эрхмүүд уг цомогт оржээ.


“Олноо өргөгдсөн Монгол Улсын язгууртан, мяндагтнууд” хэмээх гэрэл зургийн цомгоос өнгөрсөн зууны Монгол Улсын улс төр, түүх, соёл, хөгжлийн олон арван үнэт баримт мэдээлэл, эх сурвалжийг олж мэдэх ач холбогдолтой юм.  

Холбоотой мэдээ