Австралийн соёлын сарыг нээв

Монголын мэдээ | Боловсрол
sodonizm@gmail.com
2020-10-27 10:18:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Австралийн соёлын сар”-ыг тохиолдуулан энэ долоо хоногийн турш буюу энэ сарын 26-наас ирэх сарын 1-нийг хүртэл дараах киног Хүүхдийн номын санд байдаг Австралийн соёл боловсролын төвд сонирхсон хүн бүрт үнэ төлбөргүй толилуулна.


Тодруулбал, “Australia, Reddogs, Ned Kelly, Corcodile Dundee,  Paper planes, The Dish, Rabbit Proof Fence, The sapphires, Babe зэрэг киног үзүүлнэ хэмээн өчигдөр “Австралийн соёлын сар”-ыг нээх ёслолын үеэр Монгол, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн менежер Л.Энхтүвшин мэдэгдлээ.



Уг ёслолыг нээж,  Австрали-Монголын хамтарсан бүрэн богино хэмжээний кино “The stairs болон Австрали гэр бүлийн “А гэвэл Аз жаргал” киног Монгол Улсын Соёлын яамны гэгээрлийн газрын шинжээч Б.Баяраа, Монгол Улсад суугаа Австралийн Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, доктор Алекс Стивенс, Моззис Монгол-Австралийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа нарын зэрэг зочид төлөөлөгчдөд үзүүллээ.


The stairs” буюу "Шат" хэмээх кинонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй нийгмийн асуудлыг хөндөж, нийгэм тэдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрч асуудлыг хамтдаа шийдэх боломжтой гэдгийг илэрхийлэхийг зорьсон бөгөөд кинонд гэр хороололд амьдардаг Сонор хэмээх хөгжлийн бэрхшээлтэй залуугийн амьдралыг харуулжээ.


Энэхүү киног МУЗ болон Австралийн “Busstopfilm ТББ хамтран бүтээсэн байна. Мөн “Улаанбаатар 2020” кино наадамд  энэ сарын 24-нд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд Австрали болох кино наадамд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа юм байна. Тус киног бүтээсэн найруулагч П.Золжаргал энэ үеэр мэдээлэхдээ, “Кино бол бусдын амьдралаар амьдрах боломжийг хүмүүст олгодог. Энэхүү киног бүтээхэд 18 хөгжлийн бэрхшээлтэй залуу оролцсон бөгөөд бүтэн нэг жилийн турш 120 цагийн кино бүтээх сургалт зохион байгуулсан. Гурван өдрийн зураг авалтад тэд маань гэрлийн туслах, найруулагчийн туслах, продюссерын туслах, нүүр будалт зэрэг бүхий үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Үүнээс бодож үзэхэд тэдэнд итгэх нь чухал юм байна. Киног маань үзээд хөгжлийн бэрхшээлтэй хүний зам барих хөдөлгөөн өрнөөсэй гэж хүсэж байна” хэмээлээ.


Кино өдөрлөгийн дараа энэ сарын 2-9-нд Австралид төгсөгчид “Чанга уншлага” хийх бөгөөд 130 гаруй номтой танилцах боломжийг олгох юм. Түүнчлэн дараагийн долоо хоногт тус улсын их сургуулийн танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, IELTS-н шалгалтад бэлтгэх зөвлөгөө, мэдээллийг хүргэх юм байна. Мөн 1-6 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Австрали орон миний төсөөллөөр” гар зургийн уралдаан, 7-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Миний мэдэх Австрали орон” сэдэвт англи хэлний эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байгаа ажээ. Тус тэмцээний бүтээлийг 11 дүгээр сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм байна.

Даян дэлхийн  Австралид төгсөгчдийн холбооны дэмжлэгтэйгээр Моззис Монгол-Австралийн Нийгэмлэг, Хүүхдийн Төв Номын сан, Нийгмийн Зөвлөх Үйлчилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран "Австралийн соёлын сар"-ыг энэ сарын 19-нөөс ирэх сарын 19 хүртэл зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд