НҮБ-д Монгол Улсын гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-27 10:10:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 26-нд НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт болов.


Уулзалтад нийт 180 гаруй улсын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгч оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, "COVID-19" цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчилдөөн мөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв.


Уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэлэв. Тэрбээр хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт дайны дараа байгуулагдсан НҮБ нь олон талт хамтын ажиллагааны хүчирхэг тавцан болж төлөвшсөн ба 75 жилийн өмнө баталсан НҮБ-ын дүрэм эдүгээ ч олон улсын эрх зүйн гол баримт бичиг хэвээр байгааг цохон тэмдэглэв. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, "COVID-19" цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, түүний сөрөг нөлөөллийг бууруулахын нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулсан юм.


Өндөр түвшний уулзалтаас баталсан НҮБ-ын 75 жилийн ойн тунхаглал (Declaration on the Commemoration of the Seventy-fifth Anniversary of the United Nations)[1]-д хүн төрөлхтний өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах, зорилгод хүрэхийн тулд  хэрэгжүүлэх 12 ажлыг тусгажээ. Уг ажлуудыг 2020 оны 1 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн санаачилсан дэлхий дахины хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирээдүйн төлвийн талаарх “НҮБ-ын 75 жилийн ойн ярилцлага” (UN75 conversation) хэмээх санал асуулгын дүнд тодорхойлсон бөгөөд санал асуулгад манай иргэд, залуус өргөнөөр оролцож, дуу хоолойгоо нэмэрлэсэн билээ.


Ташрамд дурдахад, Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 59 жилийн ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд НҮБ-ын гишүүнчлэл нь манай улсад тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ, НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж авах өргөн боломжийг нээсэн билээ.

Холбоотой мэдээ