Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бусаар тээвэрлэлтэд хяналт тавих сургалт болов

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-27 11:59:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилээр цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бусаар нэвтрэхэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг 15 хилийн боомтын улсын байцаагч нарыг чадавхжуулах сургалтыг АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран энэ сарын 21-23-нд зохион байгуулжээ.


Сургалтаар цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хяналт шалгалт хийхэд анхаарах асуудлуудын талаар мэдлэг мэдээллийг олгож, бодит байдал дээр хяналт шалгалт хийх дасгал ажлыг гүйцэтгэжээ. Мөн Хөшигийн хөндийд барьсан шинэ нисэх онгоцны буудалд 2019 онд суурилуулсан шинэ загварын цацрагийн хяналтын төхөөрөмжтэй танилцсан байна.


2017 онд Буянт-Ухаа боомтоор Вьетнам улсын иргэн тусгай зориулалтаар бэлтгэсэн цацрагийн үүсгүүрийн ангилалд хамаарах Иод-125 бүхий цацраг идэвхт изотопыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байхад нь тус боомтын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлж байжээ. Вьетнам улсын иргэнд Шүүхийн шийдвэрээр эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заасны дагуу хариуцлага хүлээлгэжээ.


НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан 1540 дүгээр тогтоолоор цацраг болон цөмийн, химийн, биологийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, тээвэрлэх, шилжүүлэх, ашиглахыг оролдсон төрийн бус субьектуудэд аливаа хэлбэрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд улс орнууд үндэсний хэмжээнд хяналт тавихыг үүрэг болгосон байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2007 онд АНУ-д айлчлах үеэрээ цөмийн материалын хууль бус хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор санамж бичиг байгуулж, төслийн хүрээнд 2008 оноос Монгол Улсын байнгын ажиллагаатай 15 боомтод 100 ширхэг  цацрагийн хяналтын төхөөрөмжийг суурилуулж, хяналтын шалгалтыг хэрэгжүүлж байжээ.

 

Холбоотой мэдээ