Япон хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхээ амласныг сайшаажээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-10-27 11:27:19

НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ улс орныхоо хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэхээ амласныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сайшаалаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик даваа гарагт мэдээлжээ.


А.Гутерриш уг шийдвэрийг маш ач холбогдолтой эерэг өөрчлөлт хэмээн тодорхойлоод, дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон болох Япон улс нь тогтвортой, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй дэлхийг цогцлоохын төлөө үүрэг амлалт өгсөн томоохон эдийн засагтай орнуудын нэг боллоо мэдэгдсэн байна.


С.Дюжаррикийн мэдээлснээр, НҮБ-ын тэргүүн одоо уг зорилтдоо хүрэх цогц бодлогын арга хэмжээнүүдийг боловсруулж, хэрэгжүүлэхийг Япон улсаас хүлээж байгаа бөгөөд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад шаардлагатай технологи, санхүү, инженерийн бүх хэрэгсэл тус улсад бий гэдэгт эргэлзэхгүй байгаа ажээ.


Мөн А.Гутерриш Япон улс хөгжиж буй орнуудад ижил зорилтод хүрэхэд зориулан туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


С.Ёшихидэ даваа гарагт парламентдаа үг хэлэх үеэрээ энэхүү шинэ зорилтоо танилцуулсан юм. Япон улс өмнө нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 80 хувиар бууруулах зорилт тавиад байжээ.


Дэлхийн олон оронд нүүрсхүчлийн хий ялгарлаа тэглэхээ амлаад буй үед Японы Ерөнхий сайд ийнхүү мэдэгджээ. БНХАУ өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлаа тэглэх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсан юм. 

Холбоотой мэдээ