Галын дохиоллын систем шаардлага хангаагүй зөрчил илэрчээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-27 14:18:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах болон гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Шадар сайдын энэ оны 15-нд баталсан удирдамжийн дагуу зохион байгуулжээ.

Тус шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 335 үйлдвэр, агуулахын барилга байгууламжид хийж, 1321 зөрчил илрүүлснээс 448 зөрчлийг арилгуулаад байна.

Мөн 831 зөрчлийг арилгуулах бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргэжээ. Түүнчлэн хоёр аж ахуйн нэгжид гал гарах эрсдэлтэй нөхцөл бий болсон тул  хуульд заасны дагуу үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Мөн 18 ААН, нэг иргэнийг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын байгууллагын  хяналтад 31.1 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авчээ.

Нийтлэг ажиглагдсан зөрчлөөс дурдвал, обьектод галын дохиоллын систем суурилуулсан ч шаардлагад нийцэхгүй байсан байна. Тодруулбал, галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийж, акт дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг байна. Мөн өөр нэг зөрчил нь агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдлийг байрлуулах шаардлагыг биелүүлээгүй байжээ.

Түүнчлэн стандартын шаардлага хангаагүй цахилгааны утсаар монтажласан, цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ болон обьектод зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй байсан байна.

Барилга байгууламжийн давхар тус бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зөрчлүүд илэрлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ