Ирээдүй өв санд ирэх жил 1.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-27 15:09:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


Төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан байна.


Ирэх оны төсвийн төсөлд татварын хувь хэмжээг хадгалах, гааль татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэл, хамрагдалтыг нэмэх, гааль татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, аливаа татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш, шударга орчин бүрдүүлэх бодлогыг баримталсан талаар Сангийн сайд танилцуулав. Түүнчлэн 2021 оноос Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлснээр тус салбаруудын хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулж, харин үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр үр шимийг нь монгол хүн бүрд хүртээх чиглэлд чухалчлан авч үзсэн гэдгийг Сангийн сайд хэллээ.


Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэх юм байна.


Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжихээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим ажлыг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмж 288 мянган төгрөг болгосон шийдвэрийг коронавируст халдварт цар тахлын хугацаанд хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг  чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас 17 хувиар тооцохоор төлөвлөсөн байна.


Эдийн засгийн өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр дэмжих бодлогын хүрээнд хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхэд зориулсан цогцолбор, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нэн шаардлагатай барилгуудыг барих ажлуудыг төлөвлөсөн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа.

Дээрх бодлогын үр дүнд төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан болохыг танилцуулав.


Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат төсвийн Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцууллаа.


Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 204.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь өмнөх оны тодотгосон төсвөөс 4.1 тэрбум төгрөгөөр бага байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 406.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 168 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 179.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 300 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 91 барилга, байгууламжийг 136.5 тэрбум төгрөг, шинээр 106.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 77 төсөл 42.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.


Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 79.4 тэрбум төгрөгөөр нэмж 300.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Төсвийн төсөлд өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 580.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 76 барилга, байгууламжийг 212.7 тэрбум төгрөг, шинээр 69.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 30 төсөл 24 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Зам тээврийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд олон улсын болон улсын чанартай автозамын засвар арчлалтын улсын автозамын хөрөнгөөс 52 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 40.1 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 4 тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хөрөнгийн зардлыг 4.6 тэрбум төгрөгөөр нэмсэн нь Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төв байгуулах бүтээн байгуулалтын нэгдүгээр үе шатны ажлыг эхлүүлэх зардал юм байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 төсөл арга хэмжээний санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн байна. Хөрөнгийн зардлын дүнд геологи хайгуулын 27.7 тэрбум төгрөгийн зардал нэмж тусгажээ.


Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 85.8 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 23.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 173.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төслийн санхүүжилтэд 56.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд, өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 124.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл 32.8 тэрбум, шинээр 49.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл 23.3 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 40.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 17.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 7 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.


Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 5.4 тэрбум төгрөгөөр тооцож төсөвлөсөн нь 2020 оны батлагдсан төсвөөс 0.8 тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил,  ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 0.6 тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөсөн нь орон тоог 154-с 198 болгож 44-р нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.


Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 3.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 11.1 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна.


Аудитын байгууллагаас нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг гаргасан байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй юм. Төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, цахимжуулан татварын орлогыг нэмэгдүүлэх боломж байгаа гэж үзжээ. Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна.

УИХ 2021 оны төсвийн төслийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж, төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлтийг анхааралдаа авч хэлэлцэн батлах нь зүйтээ гэдгийг  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хэллээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Гишүүд ЖДҮХС-гаас олгох зээлийн хэмжээ, Ирээдүйн өв санд ирэх жил хэдэн төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байгааг тодруулж байв.


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулахдаа, "Тус санд төсвөөс санхүүжилт хийхгүй. Өмнөх зээлийн эргэн төлөлтөөс бүрдэх 50 тэрбум төгрөгөөр дахин зээл олгохоор тооцож байна.  тооцоолол хийгээд байгаа гэв. Мөн тус сан Засгийн газрын бондын 41 тэрбум төгрөг төлөх ёстой учраас ирэх онд 91 тэрбум төгрөгийг бүрдүүлэх шаардлагатай байгаа ч энэ нь цар тахлын эдийн засаг, нийгмийн нөлөөллийн үед амаргүй байгаа гэдгийг тэрбээр тайлбарлаж байв.


Ирээдүй өв санд ирэх жил 1.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөлд тусгасан байна. Уул уурхайн салбараас улсын төсөвт нийтдээ 3.6 их наяд төгрөгийн орлого ордог ба өнгөрсөн жилүүдэд ашигт малтмалаас олж буй орлогоо дутуу бүрдүүлж байна гэж дүгнэсэн тул хил гаалиа шинэчлэн, баялагаас авч буй орлогоо нэмэх тодорхой ажлуудыг төлөвлөн, гүйцэтгэж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.


Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх болов.


Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулан байгуулав. Ажлын багт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нар ажиллана.

Холбоотой мэдээ