Хилийн нэвтрэх цэгүүдийн халдваргүйжүүлэлтийг боловсронгуй болгох шаардлагатай

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-10-27 16:14:00

Дорнод /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын баг Дорнод аймагт ажиллах үеэр тус аймгийн удирдлага, онцгой комиссоос хил дээрх нэвтрэх цэгүүдийн халдваргүйжүүлэлтийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцууллаа.

Ажлын багийн бүрэлдэхүүн энэ асуудлыг Шадар сайдад уламжилж, цаг алдахгүй шийдвэрлүүлнэ гэв. Дорнод аймгийн хувьд коронавируст халдварын өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд урьдчилан сэргийлэх зардлыг аймгийнхаа төсвөөс гаргаж, орон нутгийн түвшинд ард иргэд, ААНБ-уудаас ирсэн хандиваар бэлэн байдлыг хангаж, нөөц бүрдүүлснийг ажлын багаас үнэлсэн байна. Цар тахал тархсан тохиолдолд ХӨСҮТ дээрх 15 шуурхай баг хаанаа ч хүрэхгүй учир тохиолдлын удирдлагын менежмэнтээр ажиллаж байгаа гэлээ.  

Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын ажлын баг, ЭМЯ, Улсын онцгой комисс, ОБЕГ, ХӨСҮТ, МХЕГ, МУЗН, ДЭМБ-аас хамтарсан ажлын баг гарч “Ковид-19” цар тахлын үеийн орон нутгийн “Шуурхай штаб-Шуурхай хариу арга хэмжээний баг”-ийг бэлтгэх цогц сургалтыг 21 аймагт зохион байгуулж байна. Дэлхий нийтэд “Ковид-19” цар тахлын хоёр дахь давалгаа аль хэдийнэ эхлээд байгаа учир ийнхүү шуурхай багийг бэлтгэж байгаа аж.

Холбоотой мэдээ