Мэгжид Жанрайсиг бурхныг дахин залаад 24 жил болжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
oyundelger@montsame.gov.mn
2020-10-27 16:51:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний шүтээн Мэгжид Жанрайсиг бурхны дүрийг сэргээн залсны 24 жилийн ой тохиож байна.


Анх 1911 онд VIII Богд Жавзандамбын мэлмий чилээрхэхэд Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээх, түүнд зориулан сүм босгох зарлиг буулгасан. Гандантэгчэнлин хийдэд барилгыг эхэлж, Монголын ард түмэн мөнгө, зэс аяга, шанагаа газарт хүргэлгүй ус зөөж, хийдийн суурийг тавихад гар бие оролцсон. Тухайн үед Их шүтээнийг зэсээр бүтээж, 1200 лан алт, 1500 лан мөнгө, 400 гаруй эрдэнийн чулуун шигтгээгээр чимсэн. Түүнийг тойруулан 1 түмэн Аюуш бурхан, зэс барын 1000 жадамба, Бурхан багшийн 8 сэлтийг тойруулан залснаар Жанрайсиг бурхны хийдийг 1913 онд барьж дуусжээ. Хэлмэгдүүлэлтийн үед 700 гаруй сүм хийд, хэдэн мянган бурхан, суваргыг устгасны дотор Жанрайсиг бурхан өртсөн. Дэлхийн 2-р дайны үед бурхныг буулгаж, судрыг тээвэрлэн, алт, мөнгө чимэглэлийг тонон, их биеийг Орос руу сумны үйлдвэрт хайлуулж, сум хийжээ.  

Монголчуудын хандив, өргөлөөр 26,5м өндөр шинэ Жанрайсиг бурхныг 1991 оны 4 сарын 22-нд дахин бүтээхэд Эрдэнэтийн 20 тонн зэсийн цутгамал, 27 тонн ган оржээ. Бурхныг 5х5 см хэмжээтэй, 75600 ширхэг алтан ялтсыг зай завсаргүй нийлүүлэн бүрхэж, очир алмаз, маргад эрдэнэ, бадмаараг, индранил, молор эрдэнэ зэрэг 2000 гаруй төрлийн үнэт эрдэнийн чулуугаар чимжээ. Эдгээр үнэт эрдэнийн 300 нь зөвхөн титэмдээ чимэглэсэн байдаг юм.

Бурхны их биеийг тариа дээжис, төрөл бүрийн идээ ундаа, 27 тонн эмийн ургамал, арц, 332 Буддын сургаалын эмхэтгэл ба тайлбар ариун судар, Буддын ховор хувцас хэрэглэл болон 2 сая тарни бүхий ном мөн бүрэн тавилгатай гэр, морин хуур, 9 эрдэнийн чулуугаар дүүргэсэн. Бурхны гартаа барьсан хадгийг Энэтхэгийн 7 өнгийн хоргой, 500 м цэвэр торгоор урлажээ. Бурхны урд хуш модоор 9 эрдэнэ болон Буддын 8 тахилыг товойлгон хийсэн, Монголын хамгийн том буюу 1.65м өндөр тахилын ширээг сэнтийлсэн юм. Уг дүрийг 1996 оны 10-р сарын 27-нд залсан юм.

Холбоотой мэдээ