Дэлхийн хуримтлалын өдрийн нэгдсэн үйл ажиллагааг Сүхбаатарт тэмдэглэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-10-28 10:41:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” нэгдсэн үйл ажиллагааг анх удаа Сүхбаатар аймагт тэмдэглэлээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг таван арилжааны банкны төлөөлөл болон ЕБС-ийн сурагчид, иргэд оролцов.  

Банкууд хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, ЕБС болон МСҮТ-ийн суралцагчдын дунд зарласан “Хуримтлуулах хялбархан” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах, оролцогчдын дунд асуулт хариултын тэмцээн зохиож шагналтнуудад 50 мянган төгрөг хүртэлх хадгаламжийн эрх нээх зэрэг үндсэн үйл ажиллагаанаас гадна урлагийн тоглолт зэрэг бусад олон ажил зохион байгууллаа. 

Хуримтлалын аяныг улсын хэмжээнд тав дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ аян өрнөснөөр ААНБ, иргэд цаашлаад хүүхэд багачууд хуримтлуулах дадлын ач холбогдлыг ойлгож байдаг. Хуримтлалтай байснаар хүн болоод тухайн улс орон болзошгүй ямар ч төрлийн хүндрэл, эрсдэлийг даван туулах чадвартай болдог. Тиймээс бид аяныхаа үр дүнг жилээс жилд сайжруулахыг зорьж, тодорхой үр дүнд хүрсээр байна. Жишээлбэл, энэ том ажлыг улсын хэмжээнд гуравхан аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд анх удаа Сүхбаатар аймагт хийж байна. Яагаад гэвэл өнгөрсөн жил нэг хүнд ногдох хуримтлалын хэмжээгээрээ Сүхбаатар аймаг бүс нутгаа тэргүүлсэн. Цаашид дахиад ч үүнийгээ ахиулах боломж байна гэж харж байгаа гэж Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэллээ.

Энэхүү нэгдсэн үйл ажиллагааг Монгол банк, ХБНГУ-ын хамтын ажиллагааны сан,  Хадгаламжийн даатгалын корпораци, Банкны холбоо хамтран зохион байгуулсан юм.


Холбоотой мэдээ